Сүхбаатар сум шилдэг 9 гэр бүлээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 09:07:17

Олон улсын “Гэр бүл”-ийн өдрийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас 9 номинацид нэр дэвшүүлэн “Сүхбаатар сумын шилдэг гэр бүл”-үүдээ тодруулан урамшууллаа.

Сүхбаатар сумын ЗДТГ-аас Олон улсын "Гэр бүл”-ийн өдөрт зориулан зохин байгуулсан “Гэр бүлийн өдөрлөг" арга хэмжээнд Сүхбаатар сумын 8 багийн иргэд, гэр бүлүүд идэвхтэй оролцлоо. Уг арга хэмжээний хүрээнд 9 шилдэг гэр бүлийг өргөмжилж шагнал гардууллаа.

Энд 60 жил хамтдаа амьдарч, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, улс эх орондоо 40-өөд жил хамтдаа зүтгэсэн Сүхбаатар сумын 7-р багийн иргэн Ш.Дэмбэрэлийн гэр бүлийг Сүхбаатар сумын “Азай гэр бүл”-ээр, Оюун билэг, суу ухааныг дээдлэн, уран бүтээлээ туурвиж, орон нутгийнхаа ард иргэдийн дунд үлгэр дуурайлал үзүүлэн хүндлэгдэж, үр хүүхдээ зөв сайхан өсгөж хүмүүжүүлсэн Сүхбаатар сумын “Хонгорморьт” 1-р багийн иргэн Т.Доржсүрэнгийн гэр бүлийг “Оюунлаг гэр бүл”-ээр, “Ногоон-Сэлэнгэ” хөдөлгөөн, “Сүхбаатар ногоон бүс” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд гэр бүлээрээ манлайлан ажиллаж байгаа Д.Довдондэмбэрэлийн гэр бүлийг “Эко гэр бүл”-ээр, Гэр бүлээрээ урлагийн авъяасыг өвлөн эзэмшиж, ардын урлагийг орон нутагтаа сурталчилж байгаа 4-р багийн иргэн О.Нарантуяагийн гэр бүлийг “Авьяаслаг гэр бүл”-ээр, Нийтийн биеийн тамир, спортыг орон нутагтаа сурталчлан, өөрсдөө төдийгүй үр хүүхдүүдээ улс хотын шинж чанартай спортын олон тэмцээн уралдаанд амжилттай оролцуулж, гэр бүлээрээ нутаг орныхоо нэрийг өндөрт өргөн яваа н.Эрдэнэцогтын гэр бүлийг “Спортлог гэр бүл”-ээр, Ажил амьдралаа тэгш сайхан авч яваа төдийгүй сумынхаа залуучуудыг тогтвортой ажлын байраар ханган залуу үеийнхэндээ үлгэр дуурайл болж байгаа 4-р багийн иргэн И.Нямдаваагийн гэр бүлийг “Шилдэг залуу гэр бүл”-ээр, Өргөсөн тангарагтаа үнэнч байж, амь насаа үл хайрлан галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан эр зоригийг нь үнэлэн 8-р багийн иргэн Б.Мөнхболдын гэр бүлийг “Хүмүүнлэг гэр бүл”-ээр, Орон нутагтаа хүнсний ногоо тарьж ургуулан сумынхаа иргэдэд эрүүл хүнсээр үйлчилж, орон нутгийн иргэдээ ажлын байраар ханган амьдарч буй 2-р багийн иргэн А.Энхтайваны гэр бүлийг “Бүтээлч гэр бүл”-ээр, Олон сайхан хүүхэд төрүүлж, эрүүл саруул өсгөн, улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлсэн Б.Норовсамбуугийн гэр бүлийг “Өнөр гэр бүл”-ээр тус тус шалгаруулж өргөмжлөл гардууллаа.

Мөн энэ үеэр Гэр бүлийн спорт тэмцээн, Урлаг соёлын тэмцээн, Үндэсний хувцастай шилдэг гэр бүл шалгаруулах тэмцээнийг тус тус зохион байгуулж аваргуудаа шалгаруулсан байна.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ