Яндан хөөлөгч мэргэжилтэн бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2020-09-10 12:57:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос улс оронд даяар өрнүүлж буй “Яндангаа хөөлье” аяны хүрээнд “Таван толгой түлш” компанитай хамтран яндан хөөлөгч мэргэжилтэн бэлтгэх сургалт зохион байгуулж байна.

Өнгөрсөн жил айл өрхүүдээр явж яндан хөөлсөн 100 гаруй мэргэжлийн засварчин байгаа бөгөөд энэ жилийн хувьд нэмж 300 залууг бэлтгэхээр зорьж байгаа юм. Өнөөдрийн хувьд тус сургалтад хамрагдахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн 35 иргэнд мэргэжлийн багш хичээл орлоо.

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэбулган, "Яндан хөөлөх нь тухайн айлын эрхийн асуудал боловч бид Улаанбаатар хотын ард иргэдийн аюулгүй байдал, амьдрахад таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах ёстой. Үүний тулд “Яндангаа хөөлье” аяныг зохион байгуулж байгаа” гэв.


Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэд Таван толгой түлш компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны салбарт очиж бүртгүүлэх боломжтой юм. Тэднийг ажлын багаж хэрэгсэл, аюулгүй байдлын хувцас зэргээр хангаж мэргэжлийн багшийг дагалдан ажлын талбарт гарна. Яндан хөөлж эхэлсэн өдрөөс эхлэн цалингаа тооцуулж ажил, орлоготой болох боломж нээгдэх аж:

Тус сургалт нь агаарын бохирдлыг бууруулах ажилд бодит хувь нэмрийг оруулахаас гадна Ковид-19 цар тахлын үед иргэдэд ажлын байрыг бий болгож буйгаараа онцлогтой. Өнөөдрийн байдлаар 165 яндан хөөлөгч бэлтгэжээ. Сургалтаар пийшин өрөхөөс эхлээд оношилгоо, цэвэрлээ, хөөлөх гээд бүх талын мэдлэгийг бодитоор үлгэрлэн зааж байгаа аж.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны зөвлөх инженер З.Золжаргал, Яндан хөөлөх шинэ ажилчиддаа бодит сургалтыг явууллаа. Ханан пийшинг хиймлээр барьж яндан хөөлөхтэй холбоотой мэдлэгийг нэг бүрчлэн зааж байна. Сургалтаар пийшингийн загвар тодорхойлох, худгийн байршил, тоо, тус бүрийн онцлог, оношилгоо, цэвэрлэгээ зэргийг зааж яндан хөөлөхөд бүрэн бэлтгэгдсэн ажилчдыг инженер дагалдуулан дуудлагад гаргадаг” гэлээ.

Суралцагч У.Амарболд, “Ханан пийшинг өрөхдөө хагасыг нь барьж худгийг нь харах боломж гаргаж зааж байна. Энэ нь сургалтыг илүү чанартай болгож олон зүйлийг ойлгоход туслалаа. Яндан хөөлөгч ямар хэрэгтэй юм гэж хүмүүс гайхаж байсан. Би ч гэсэн төдийлөн сайн ойлгоогүй. Гэтэл энэхүү сургалтаар хүмүүс яндангаа дутуу хөөлснөөсөө болж эрүүл мэнд, амь насаараа яаж хохирдгийг сайн ойлголоо. Сургалтад суугаад зогсохгүй ажил, мэргэжилтэй болж байгаадаа баяртай байна”

“Яндангаа хөөлье” аян эхэлснээс хойш 1500 гаруй дуудлага хүлээн авчээ. Үүнээс засварын бригад 491 айлын янданг газар дээр нь хөөлжээ. Дуудлага өгсөн айл бүрийн янданг хөөлөх боломж байхгүйг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм. Харин бүл муутай өндөр настан,  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон эхчүүд гэх мэт хүндэтгэх шалтгаантай иргэдэд үнэ төлбөргүйгээр яндан хөөлөх үйлчилгээ үзүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ