Зогсонги байгаа эдийн засгийг хөгжүүлэхэд олон улсын байгууллагууд хамтран ажиллах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-09-09 11:10:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Швейцарын хамтын ажиллагааны Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал бөгөөд Ерөнхий консул, хатагтай Стефани Бурриг энэ сарын 8-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд хатагтай Стефани Бурри дэлхий дахиныг хамарсан "COVID-19"-өөс сэргийлэх ажлыг Монгол Улсын Засгийн газар амжилттай зохион байгуулж, Монголын парламент холбогдох шийдвэрийг хугацаа алдалгүй гарган хэрэгжүүлж байгааг сайшаан тэмдэглэв.


Түүнчлэн цар тахлын улмаас зогсонги байдал, хязгаарлалтад орсон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны цар хүрээг нэмэх, дэлхийн улс орон, олон улсын байгууллагууд хамтран хямралт байдлыг зөөллөх, даван туулах шаардлагатай болсныг онцоллоо. Үүнд Швейцарын хамтын ажиллагааны байгууллага хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг хатагтай Стефани Бурри илэрхийллээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааг дэмжих түр хороо УИХ-ын дэргэд байгуулсныг мэдээлээд, Түр хороо хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгааг дуулгав.


Швейцарын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслүүдийн үр дүн, цаашдын чиглэлийн талаар уулзалтын үеэр хөндөж ярилцсан бөгөөд цаг уурын өөрчлөлт зэрэг эрсдэлт хүчин зүйлийн улмаас элэгдэл, доройтолд өртөж буй усны болон бэлчээрийн асуудлаар Монголын парламент ямар бодлого, шийдвэр гаргах гэж байгааг хатагтай  Стефанни Бурри тодруулав.


УИХ-ын дарга Г.Занданшатар парламентаар Бэлчээрийн тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгааг хэлээд, бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, малын хөлийн татвар зэрэг чухал асуудлаар малчдынхаа дунд өргөн хэлэлцүүлэг зохиож, саналыг нь авч хуульд тусгахаар ажиллаж байгаа гэв.


Швейцарын хамтын ажиллагааны газар Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээнд 2018-2021 онд 51.5 сая швейцар франкийн санхүүжилт хийхээр төсөвлөсөн юм.

Холбоотой мэдээ