“Үйлдвэрлэгч Жаргалант” дэд хөтөлбөр хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-09-09 09:15:22

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 104 дугаар тогтоолоор “Үйлдвэрлэгч Жаргалант” дэд хөтөлбөр батлав.

Тус хөтөлбөрийн хүрээнд Жаргалант сумын үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, стандартын шаардлага хангасан брэнд бүтээгдэхүүн бий болгох, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон талт ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго, цаашдын зорилт, төлөвлөлтийн талаар Жаргалант сумын Засаг дарга С.Гантөмөр мэдээлэл хийлээ.  

Тус сумын хэмжээнд 1200 гаруй иргэн, аж ахуй нэгж үйлдвэрлэл эрхэлж буй юм. Иймд цаашид сум орон нутгийн өнгө төрхийг тодорхойлох брэнд бүтээгдэхүүн шалгаруулах ажлыг эрчимжүүлнэ. Улмаар гадаад, дотоодын жуулчдыг татах, эдийн засгийн үр ашгийг сайжруулах аж.

Мөн агаарын бохирдлыг бууруулах, баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор цахилгаан болон дулаан хангамжийн үнэ тарифыг хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх тухай саналыг холбогдох байгууллагад уламжлан шийдвэрлэнэ.

Түүнчлэн үйлдвэр эрхлэгчдэд зориулсан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн урамшуулал олгох боломж, эрх зүйн үндсийг судалж, тэдэнд шаардлагатай мэдээлэл түгээх, гадаад болон дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцоход дэмжлэг үзүүлэх, "Бизнес эрхлэгчдийг дэмжих-менежментийн зөвлөгөө өгөх баг" байгуулах, түншлэлийг өргөжүүлэх зэрэг хэд хэдэн зорилт дэвшүүлжээ.

Мөн орон нутгийн хэрэгцээнд тулгуурласан, стандарт шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдуулан сургалт, уулзалт-хэлэлцүүлэг зохион байгуулах, брэнд бүтээгдэхүүний хаяг, сав баглаа боодлын зардлын 20-60 хувь хүртэл хөнгөлөлт урамшууллыг жилд нэг удаа олгох зэрэг үйл ажиллагааны төлөвлөлт хийсэн аж.

   

Холбоотой мэдээ