Егүзэр хутагт Ж.Галсандашийн улстөр, шашны үйл ажиллагаа, хэлмэгдлийн талаар хэлэлцэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн, сайд Егүзэр хутагт Жамсранжавын Галсандашийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна.
Мөн түүний хэлмэгдсэнийх нь 90 жилийн хүрээнд "Егүзэр хутагт: Түүхэн зүтгэлтэн ба улстөрийн хэлмэгдүүлэлт" олон улсын эрдэм шинжилгээний хурал нийслэлийн "Хангарди" ордонд болж байна.
Монгол Улсын цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс, ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн, Түүх, угсаатны хүрээлэн, "Егүзэр хутагт" нээлттэй нийгэмлэг, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газар, "Эрдэнэмандал" хийд зэрэг газраас зохион байгуулж буй уг хуралд Монголын Зүүн хязгаарын сайд Егүзэр хутагт Ж.Галсандашийг хэлмэгдүүлж байсан түүх, хутагтын намтар, улстөр, шашны үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг өрнөж байна.
Тодруулбал, Егүзэр хутагтын Өвөр монгол, буриад шавь нарын тухай, Егүзэр хутагт болон шударга баатар Бавуужав нарын харилцааны талаар түүх, шашны талаар өргөн хүрээнд хэлэлцэж, ОХУ-ын ШУА-ийн Дорнодахины хүрээлэнгийн профессор, монголч эрдэмтэн С.Л.Кузмин ОХУ-ын архивт хадгалагдаж буй Егүзэр хутагттай холбоотой баримт, материалыг дэлгэн илтгэл тавьж байна. Мөн энд Германы монголч эрдэмтэн, профессор Удо Баркманн, Японы Шизүока Их сургуулийн профессор Акира Оно нар илтгэл тавин хэлэлцүүлж байна.
Егүзэр хутагт Жамсранжавын Галсандаш нь Сэцэн хан аймгийн Хурц Вангийн хошууны (одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум) нутагт төрсөн. Халхын тамгатай хутагтуудын нэг бөгөөд 1872 онд Егүзэр хутагтын хувилгаанаар тодорч, 1902 онд хутагт хамба цол, шавь захирах тамга хүртсэн байна. Тэрээр 1911 оны Монголын үндэсний хувьсгалыг талархан угтан авсан бөгөөд Богд хааны зарлигаар 1913 оноос Монголын зүүн өмнө хязгаарын сайдаар томилогдож Өвөр Монголын олон хошуудыг Монгол Улсад дагаар оруулах үйл хэргийг явуулж байжээ.
Түүнийг 1930 оны зун баривчлан хорьж, Эрэгдэндагвын хэрэгт холбогдуулан хилс хэрэг тулган хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1990 оны тавдугаар сарын 18-ны өдрийн дөрөвдүгээр тогтоолоор Егүзэр хутагтад тулгасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж байв.