Иргэд үйлчлүүлдэг банкаараа төрийн бүх үйлчилгээг авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Монголбанк хооронд хамтран ажиллах гэрээг өнөөдөр үзэглэлээ. Гэрээ байгуулснаар Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын нэвтрүүлж буй E-Mongolia цахим порталаар дамжих төрийн бүхий л үйлчилгээний гүйлгээ Монголбанкаар дамжин төлөгдөх боломж бүрдэх юм.
Өөрөөр хэлбэл, төрийн 181 төрлийн үйлчилгээний төлбөр Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн системд боловсруулагдаж, тухайн агшин бүрд харилцагчийн гүйлгээ баталгаажиж, бодит цагийн горимоор Төрийн сангийн газрын дансанд шилжих юм.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ, иргэд аль нэг банкнаас үл хамааран өөрийн үйлчлүүлдэг арилжааны банкны тусламжтайгаар төрийн үйлчилгээг авах төлбөр тооцоог хийх боломж бүрдэж байгааг онцлов.
Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар, гэрээний хүрээнд банкны харилцагч төлбөрийн картаараа төрийн үйлчилгээг бүрэн авах боломж бүрдэж байна. Монголбанк төлбөрийн системийг удирдан зохион байгуулах, хяналт зохицуулалтыг хийх бүрэн эрх бүхий байгууллагын хувьд банк хоорондын бүх гүйлгээ, системийг ажиллуулж буйг хэллээ.
Хэдийгээр төрийн зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжсэн хэдий ч төлбөр төлөх үйлчилгээ нь цахимжиж чадахгүй байсан нь төрийн үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжих боломжийг хязгаарлаж байв. Одоо нөхцөл байдлыг өөрчилж, төрийн үйлчилгээний төлбөр тооцоог түргэн шуурхай хүргэх, зардал чирэгдлийг арилгах юм.