Сөүлээс ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-08-27 11:42:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид өчигдөр нийт 553 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрчээ. Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Тухайн тохиолдол нь, энэ сарын 22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 35 настай эрэгтэй бөгөөд давтан шинжилгээгээр коронавирусний халдвартай гарчээ.

Дээрх шинжилгээнд  энэ сарын 7-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор ирсэн 273 хүн /давтан/, Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч, Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн, Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн, Сувиллын газруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/, тусгаарлан ажиглах байруудад байгаа 143 хүн, тэдгээрт ажиллаж буй 8 эмч, ажилтан, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасаг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт судалгааны зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээний хариу багтжээ.

Түүнчлэн ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 32, 24 настай хоёр эрэгтэй эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалтад шилжиж байна.


Ингэснээр, манай улсад коронавирусний 301 тохиолдол бүртгэгдэж 291 буюу 96.6 хувь нь эдгэрчээ. ХӨСҮТ-д коронавируст халдвартай 10 хүн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр оноштой нэг хүн, бусад хүний биеийн байдал хөнгөн байна.


Мөн хэвлэлийн хурлын үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Сөүл хотын Гымчон дүүрэгт ажилладаг манай улсын найман иргэн “COVID-19”-өөр халдварласан нь лабораторийн шинжилгээгээр өчигдөр батлагдсан. Гурван хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол найман хүн гэрийн тусгаарлалтад байна. Манай иргэдийн биеийн байдал дунд зэрэг байна" гэдгийг хэллээ.


ХӨСҮТ-д нийт 36 хүн ажиглалт, тандалтад байна. Цэргийн төв эмнэлэгт 55 хүн тусгаарлагдаж байгаагаас гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна. Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтад 3718 хүн байна.  Өчигдөр 109 хүн шинээр тусгаарлалтад орсон бол 256 хүн гэрийн тусгаарлалтад шилжжээ.



Өнөөдрийн байдлаар, “COVID-19” халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж  23 сая 906 мянга гаруй хүн уг өвчнөөр өвчилж, 828 мянга гаруй хүн энджээ. Мөн 16 сая 800 мянга гаруй хүн эдгэрчээ. 



Холбоотой мэдээ