Б.Наранбаатар: Монгол шатарчид чансаагаараа дэлхийд эхний 25-д багтаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-19 12:27:08
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын холбооноос “Дэлхийн шатрын цахим анхдугаар олимпиад”-ыг 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 30-нд цахимаар зохион байгуулж байна. Энэхүү олимпиадад Монголын баг тамирчид "А" ангилал буюу тэргүүн хэсэгт шалгарч, энэ сарын 21-23-нд тоглохоор болсон. Тамирчдын бэлтгэл сургууль, цахим олимпиадын талаар Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, тамирчдын зөвлөлийн гишүүн Б.Наранбаатараас тодрууллаа.


-Цар тахлын улмаас шалтгаалан бүх уралдаан, тэмцээнийг зогсоосон. Харин шатрын олимпиадыг хэрхэн зохион байгуулахаар болов?


- Энэ жил дэлхий нийтийг цочроосон цар тахлаас үүдэн “Токио 2020” олимпын наадам хойшилсон. Үүнтэй холбогдуулан хоёр жилд нэг удаа зохиодог Дэлхийн шатрын олимпиадыг 2021 онд 44 дэх удаагаа зохион байгуулахаар хойшлуулсан. Харин оронд нь Дэлхийн шатрын холбооноос “Дэлхийн шатрын цахим анхдугаар олимпиад”-ыг  7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, цахимаар буюу www.chess.com сайтаар зохион байгуулж байна. Шатрын тэмцээнийг бусад спорттой харьцуулахад, алсын зайнаас буюу интернэт, техник технологийн тусламжтай явуулах боломжтойгоороо онцлог давуу талтай. Энэхүү давуу тал, онцлогийг ашиглан цар тахлын үед Ахмадын Азийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн анхдугаар цахим олимпиадад оролцогчдыг сонгон шалгаруулах тэмцээнийг цахимаар зохион байгуулсан.


Анхны шатрын цахим олимпиад нь 163 орны баг тамирчид оролцож буй их ач холбогдолтой тэмцээн юм.

Энэ талаар олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Дэлхийн шатрын Холбоонд илгээсэн захидалдаа, Дэлхийн шатрын цахим анхдугаар олимпиад нь спортыг хөгжүүлж байдаг үнэт чанар болох нөхөрлөл, шударга ёс, хүндлэл, амжилтын дор улс бүрийн элит тамирчдыг нэгтгэж буй дэлхийн нийтийн эрүүл мэндийн хямралтай үеийн олимпын хөдөлгөөнийг таслалгүй авч яваа үзэл суртлын томоохон үйл ажиллагаа болж байна хэмээн баяр хүргэсэн байдаг. Энэ нь дэлхий нийтээр оюуны спортыг хөгжүүлэх нь чухал, түүний ач холбогдол их болохыг илэрхийлсэн явдал юм.


-Монголын шатрын спортын хөгжил, тамирчдын чансаа ямар байгаа вэ?

-Монгол Улс жилээс жилд, олимпиадаас олимпиадад оролцож байгаа баг тамирчид, их мастеруудын чансаа байнга дээшилж байна. Дэлхийн шатрын цахим олимпиадыг А, B, C, D, E гэсэн таван ангиллаар зохиож байгаа. Манай баг тамирчид “А” ангилалд тоглох болсон нь дэлхийн эхний 25 улсад багтаж байгааг илэрхийлж байна. Мөн дэлхийн хэмжээнд улс орнуудыг шатрын спортын зэрэглэлээр тодорхойлдог. Манай тамирчдын зэрэглэл өндөр байгаа нь шатарчдын чансаа сайн байгааг харуулж байна. Мөн өсвөрийн шатарчид болон насанд хүрэгчдийн хувьд жил бүр чансаа ахиж явааг нэг жилд гурван их мастер төрж байгаагаас харж болно.


-Ер нь Монголын шатрын холбооны үүсэл хөгжлийн талаар товч мэдээлэл өгнө үү?

-Монголын шатрын холбооны үүсэл хөгжлийг шатрын зүтгэлтэн, гарамгай шатарчин Л.Санжаажамц агсантай холбож ярьдаг. Тэрээр нийтийн шатрын анхны бодлогын номыг 1935 онд хэвлүүлэн гаргасан байдаг. Тэр үеэс Монголын шатрын сайн дурын холбоо байгуулж, Монголд шатрын спорт түгэн дэлгэрсэн түүхтэй.

Монголын шатрын холбоог зохион байгуулах ажил 1934 оноос эхэлсэн. Эрх барих дээд байгууллага нь дөрвөн жилд нэг удаа болдог Шатарчдын их хурал юм. Үүнээс хойш 1955 онд анх дэлхийн шатрын холбоонд элсэж, олон улсын шатрын холбооны гишүүн болсон.

Монголын Шатрын холбооны үе үеийн удирдлагууд шатрын спортыг хөгжүүлэхийн тулд олон арга хэмжээ авч, тэмцээн уралдааныг зохион байгуулсаар ирсний үр дүнд Дэлхийн шатрын холбооны гишүүн 190 гаруй орноос шилдэг 25-д багтах дээр өгүүлсэн амжилтыг манай тамирчид гаргаж дэлхий нийтэд хэдий нь хүлээн зөвшөөрөгдөөд байна.



Монголын шатрын холбоо нь Монголын үндэсний олимпын хорооны гишүүн гэдэг утгаараа Монголын үндэсний олимпын хорооноос зохион байгуулж буй бүх спорт арга хэмжээ, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. 2015 оноос хойш Өсвөрийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, зүүн өмнөд Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн, Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, бүсийн аварга шалгаруулах тэмцээн зэрэг олон улсын том тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулсан.



Төр засгаас шатрын спортын хөгжлийг дэмжиж ажиллаж байгаагийн нэг нь Үндэсний шигшээ багийг дахин сэргээн байгуулж дөрвөн тамирчин, хоёр дасгалжуулагчтай ажиллаж байна.  Мөн 2017 онд Монголын шатрын холбоо УИХ-д шатрын спортыг дэмжих лобби бүлэг байгуулсан. Энэ бүлгийн үр дүнд төр засгаас авах дэмжлэг, олон улсын тэмцээнийг Монгол Улсад зохион байгуулахад Засгийн газрын дэмжлэгийг авах боломж нээгдсэн. Мөн Шатрын ордон барих хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдүүлж чадсан.


-Олимпиадын тэргүүн ангилалд оролцох эрхийг манай тамирчид хэрхэн авсан бэ. Ер нь манай баг тамирчид бэлтгэл сургуулиа хэрхэн хангаж байна?  


-Дэлхийн шатрын цахим олимпиадад Монголын баг тамирчид тэргүүн хэсэгт тоглоно. Учир нь жил бүр Дэлхийн шатрын олимпиадын үеэр эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр “Гаприндашвили” цомыг гардуулдаг. Манай улс 2018 онд эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг таван байрт шалгарсан амжилтаар дээрх олимпиадын тэргүүн ангилалд оролцох эрх авсан юм. 


Манай тамирчид гурван ээлжийн зохион байгуулалттайгаар “Говь ресорт”-д байрлан бэлтгэлээ хангаж байна. Шатрын их мастер Б.Гүндаваагаар ахлуулсан үндэсний шигшээ багийн хоёр дасгалжуулагч, өсвөрийн дасгалжуулагчид ажиллаж байна.

Дэлхийн анхдугаар цахим олимпиадад оролцох Монголын баг тамирчдыг УИХ-ын дарга, Монголын Шатрын Холбооны хүндэт ерөнхийлөгч Г.Занданшатар хүлээн авч уулзан амжилт хүсээд тоглолтын өдрүүдэд Их тэнгэр цогцолборт байрлаж тэмцээндээ оролцох боломжоор хангахад дэмжлэг үзүүлсэн.


Дэлхийн шатрын цахим анхдугаар олимпиад нь нэг улсаас эрэгтэй, эмэгтэй нэгдсэн баг оролцох системээр явагдаж байна. Ер нь,  олимпиадын үед стандарт шатрын дүрмээр тоглоход нэг өрөг нь долоон цаг орчим үргэлжилдэг. Харин энэ олимпиад нь цахимаар болж байгаа учир стандарт шатрын дүрмээр явуулах боломжгүй тул шатрын “Rapid“ төрлөөр явуулж байна. Энэ төрөл нь талдаа 15 минут, нүүдэл бүр таван секундийн нэмэгдэлтэй тоглоно. Сүүлийн шатанд шилдэг 16 баг шалгарч хасагдах системээр тоглоно.


-Тамирчны хувьд, шатрын өрөг дээр буюу нүүр нүүрээ харж суугаад тоглох, цахимаар өрсөлдөх хоёрт ялгаа байдаг уу?


-Нүүр нүүрээ хараад өрөг дээр шатар тоглоход хоёр тамирчин бие биеийнхээ сэтгэл хөдлөл, нүүрний хувирал, амьсгалыг нь хүртэл чагнадаг учраас бие биеэ мэдэрч тоглодог. Харин цахимаар тоглоход их тайван, дараагийн нүүдэл, нөөц төлөвлөгөөг боловсруулж биеэ барихгүй тоглох боломжтой байдаг талаар их мастер Б.Гүндаваа өгүүлж байсан.


Өндөр түвшний тамирчид өөрийн өрөг, тоглосон тоглолт, эсрэг тамирчны тоглосон өргүүдийг компьютер дээр байнга харж судалгаа хийдэг учраас цахимаар тоглоход дөхөм байдаг байх гэж би боддог.


-Монголын шатрын холбооноос шатрын цахим тэмцээнүүдийг зохион байгуулжээ. Энэ үед ямар нэг асуудал, хүндрэл бэрхшээл гарч байв уу?


- Монголын Шатрын Холбооноос зохион байгуулсан тэмцээн уралдаануудад хүндрэл нэг их гарч байгаагүй. Харин Дэлхийн шатрын холбооноос болон Lichess.com, Chess.com платформуудаас зохион байгуулсан тэмцээн уралдааны үед үүсээд байгаа бэрхшээл нь  алсын зайнаас цахимаар тоглож байгаа үед зарим тоглогч зөв шударгаар тоглохгүй, дүрэм зөрчих, өөрийн бодлоор биш өндөр түвшний компьютерын программ ашиглах тохиолдлууд гарсан талаар яригддаг. 


Сүүлийн үед дэлхий нийтээр интернэт орчныг ашигладаг болсон. Тиймээс томоохон Lichess.com, Chess.com платформуудыг ашиглан багш, дасгалжуулагчид, шатар сонирхогчид цахимаар их тоглодог болоод байна л даа. “ZOOM” аппликейшн дээр гэхэд л олон улсын хурал зохион байгуулдаг шиг шатрын платформуудын хандалт ихэссэн.


Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд Дэлхийн шатрын холбоо болон платформуудыг эзэмшдэг байгууллагууд шат дараатай арга хэмжээ авч байна. Монгол Улс энэ тал дээр маш сайн анхаарч байгаа. Манай тамирчид ч цахим тэмцээнүүдэд ёс суртахуунтай оролцдог. 

С.Туул



Холбоотой мэдээ