Хонконгт мөрдөж буй хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаар танилцуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг руу тусгай нислэг үйлдэж иргэдээ татан авахаар шийдвэрлээд буй. Үүнтэй холбогдуулан Хонконг дахь "МИАТ" ТӨХК-ийн Төлөөлөгчийн газраас Хонконгт мөрдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаар мэдээлжээ.
Хонконгт мөрдөж байгаа хилийн болон нисэх буудлын нөхцөл байдал, хязгаарлалтын талаар мэдээллийг танилцуулбал:
Хил нэвтрэх зөвшөөрөл:
- Хонконгийн иргэд, Хонгконгт оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэд,
- Хонконгийн урт хугацааны визтэй гадаад иргэдийг нэвтрүүлнэ. (Үүнд 14 хоногийн визтэй монгол иргэд хамаарахгүй).
Тусгаарлалт:
- 14 хоног гэр эсвэл зочид буудлын хаяг дээр тусгаарлагдана.
Дамжин өнгөхөд анхаарах зүйлс:
- Эцсийн цэг хүртэл суугчийн талоноо авсан байх,
- Эцсийн цэг хүртэл ачаагаа бүртгүүлсэн байх,
- Дамжин өнгөрөх хугацаа 24 цагаас хэтрэхгүй байх,
- Хонконгоор дамжиж БНХАУ руу транзит зөвшөөрөхгүй ба харин БНХАУ-аас Хонконгоор дамжин бусад улс руу транзит зөвшөөрнө.
- Хонконгийн нисэх буудалд Interline check-in хийхийг зөвшөөрөхгүй.
Нэмэлт мэдээлэл:
- 2020 оны 5 дугаар сарын 25-наас “Electronic Health & Quarantine Declaration” системийг хэрэгжүүлж эхэлсэн ба зорчигч нислэгээс өмнө гар утсаараа QR код уншуулж, “Health & Quarantine Information Declaration Form”-ийг онлайнаар мэдүүлж, хүлээж авсан хариуг гар утсандаа “screen shot” хийж хадгална.
- Хилээр нэвтрэхийн өмнө Хонконгийн эрүүл мэндийн ажилтанд шалгуулж нэвтэрнэ.
- Бангладеш, Энэтхэг, Индонез, Казахстан, Непал, Пакистан, Филиппин, Өмнөд Африк, АНУ-д байсан, эсвэл зорчсон бол Хонконгт ирэх нислэгээс өмнө 72 цагийн дотор заавал тухайн улсын баталгаажсан лабораторид "COVID"-ийн шинжилгээ өгч, сөрөг гэсэн хариуг авсан байна.
Хонконгт нэвтэрсний дараа нисэх буудлын дэргэдэх дээж авах газарт шинжилгээ өгч хариуг нь хүлээж байж авна, "МИАТ" ТӨХК-ийн Хонконг дахь Төлөөлөгчийн газар гэжээ.