УИХ-ын дарга Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад амжилт хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-08-15 17:12:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн шатрын онлайн олимпиадад эх орноо төлөөлөн оролцох баг тамирчдыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Тэрээр, "COVID-19"-ийн цар тахлын үед спортын тоглолтууд болон олимп, наадмууд хойшилж байгаа ч шатрыг онлайнаар тоглож болох давуу талтай байдгийг онцлоод Монголын баг тамирчдад дэлхийн оюуны олимпод эх орноо төлөөлөн амжилттай оролцохыг хүсэв. 

Дэлхийн шатрын олимпиадыг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг. Энэ жил дэлхий нийтийг цочроосон цар тахлаас 44 дэх удаагийн Дэлхийн шатрын олимпиадыг 2021 онд зохион байгуулахаар хойшлоод байсан юм. Гэвч цахим орчинд тоглож болдог шатрын спортын давуу талыг Дэлхийн Шатрын холбоо харгалзан үзэж олимпын хөдөлгөөнийг таслалгүй үргэлжлүүлэхийн тул анхдугаар гэх тодотгол дор Дэлхийн Шатрын онлайн олимпиадыг энэ оны 7 дугаар сарын 25-наас 8 дугаар сарын 30 хүртэл www.chess.com цахим сайт дээр зохион байгуулж байна.


Энд 163 орны баг, тамирчид 5 хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай орны хувьд тэргүүн хэсэгт тоглоно. Учир нь 2018 оны Дэлхийн Шатрын  олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг 5 байрт шалгарсан амжилтаар манай улсын баг тамирчид Дэлхийн Шатрын онлайн анхдугаар Олимпиадад тэргүүн хэсэгт тоглох эрх авчээ. 

Тамирчдад амжилт хүссэн өнөөдрийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Санжмятав, УИХ-ын даргын ахлах зөвлөх Л.Лүндээжанцан нар байлцав.




Холбоотой мэдээ