“Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэн сургалт, нөлөөллийн ажил хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-08-12 18:04:04

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 21.0 сая төгрөг зарцуулан сургалт, нөлөөллийн ажил хийжээ.

Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ бусад хорт зуршлаас урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлыг хүүхэд, залуучууд, иргэдийн дунд зохион байгуулснаар эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж, зөв хүмүүжилтэй иргэнийг хөгжүүлэх зорилготой “Эрүүл ирээдүй” дэд хөтөлбөрийг гурван жилийн өмнө баталсан юм.

- “Эрүүл ирээдүй" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр 2018, 2019 онуудад "Ухаарлын жимээр” төрийн бус байгууллагатай хамтран Булган сумын сургуулийн 458 сурагч, 157 төрийн албан хаагч нарт “Өсвөр насныханд тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, гарах арга зам”, “Хувь хүний хандлага” сэдвээр сургалт хийлээ. Мөн “Амьдрах ухаан аз жаргалын үндэс” хөтөлбөрийг хэрэгжүүлэн Булган сумын зорилтот бүлгийн өөрсдийн амьдралаа сайжруулах хүсэл эрмэлзэлтэй 17 гэр бүлийн 76 гишүүнийг хамруулсан. 2020 оны эхний хагас жилийн байдлаар хорт зуршлын хэрэглээ өндөртэй зорилтот бүлгийн иргэдийг эмчилгээ хийж, эрүүл, идэвхтэй амьдралын хэвшилд оруулах зорилгоор аймгийн 16 сум 1 тосгоны зорилтот бүлгийн 18 иргэнийг хамруулан "Эрүүл ирээдүйн төлөө" анхан шатны сургалтыг зохион байгуулсан. Тус сургалтад оролцсон иргэдийг тусгай байранд долоо хоног байрлуулан хордлого тайлах, сэтгэл заслын алхамт хөтөлбөрүүдэд үе шаттайгаар хамрууллаа гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунгэрэл ярилаа.

Хорт зуршилтай зарим иргэдийг эрүүлжүүлэх нөлөөллийн ажил хийж, Орхон аймгийн “Оюу” сэтгэц наркологийн эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, 11 иргэнийг архины хордлого тайлах эмчилгээнд хамруулсны дээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт албадан эмчилгээнд 9, сайн дураар хоёр иргэн хамрагдсан байна. Булган сумын “АА” бүлэг нь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүмүүжиж буй иргэдтэй долоо хоногийн хоёр өдөр уулзалт хийж, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулдаг болжээ.

Холбоотой мэдээ