Баян-Өлгийд бороо их орсны улмаас хадлан бэлтгэх ажилд хүндрэл учирч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-12 14:04:44

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ард иргэд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эхэлж, хадланд гараад байна.

Өндөр уулын бүсэд эрс тэс уур амьсгалтай орчинд аж төрдөг тус аймгийн ард иргэд хадлан бэлтгэх ажилдаа бусад аймгаас эрт гардаг юм.

Энэ жил хур бороо элбэг, бэлчээрийн өвс ногоо сайн ургасан. Гэхдээ их хэмжээгээр орсон борооны улмаас усны түвшин өндөр, хадлангийн талбай устай байгаа нь  хадлан бэлтгэх ажилд хүндрэл учруулж байгааг албаны хүмүүс хэлж байна.

Тухайлбал, хадлан бэлтгэх ажлын явцын талаар Улаанхус сумын Засаг дарга О.Нурланаас тодруулахад, “Сумын хэмжээнд хадлангийн гарц байгаа. Малчид ууланд хадландаа гарсан. Харамсалтай нь голын хадлангийн талбай устай байгаа тул иргэд өвс бэлтгэж чадахгүй байна. Харгант, Согоог, Услалтын систем зэрэг хадлан бэлтгэх гол газрууд устай байгаа. Тийм учраас голын хадланд буух хугацааг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан ч ус татрахгүй байх шинжтэй” хэмээв.

Тухайн онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд малчдын түвшинд 65400 тонн өвс, 7900 тонн гар тэжээл, 7325 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.

Энэ нь 2019 оны төлөвлөгөөнөөс хадлан 2400 тонн, гар тэжээл 1590 тонноор илүү, эрдэст тэжээл 25 тонноор бага үзүүлэлт юм.

Харин Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоолын дагуу аймгийн хэмжээнд аюулгүйн нөөцөд 1800 тн өвс, 490 тонн тэжээл бэлтгэхээр тус тус төлөвлөж байна.

Холбоотой мэдээ