Намаасаа татгалзсан гишүүд эсэргүүцэлтэй тулгарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМАХН-ын нэр бүхий гишүүд намын гишүүнчлэлээсээ татгалзаж байгаагаа мэдэгдэж, мэдээлэл хийв.
Тодруулбал ОБЕГ-ын дарга асан Т.Дуламдорж, МХЕГ-ын дарга асан Д.Батмөнх, Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Д.Энхжаргал нарын 12 гишүүн МАХН-ын гишүүн байхаас татгалзаж МАН-ыг дэмжиж ажиллана гэдгээ мэдэгдэв. Тэд МАН, МАХН эвсээгүй учир намаасаа гарч байна гэж шалтгаанаа тайлбарлаж байлаа. МАХН-ын гишүүн Д.Батмөнх "Бид нийтийн ашиг сонирхлын төлөө том нам руугаа тэмүүлж байна. Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна гэдэг үг байдаг. Тиймээс бид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлээд намаасаа гарч байна" гэв.
Харин хэвлэлийн бага хурлын үеэр МАХН-ын зарим гишүүд дэмжигчид эсэргүүцэл илэрхийлж, Баянхонгор аймгийн МАХН-ын гишүүн А.Одончимэг намаасаа гарч буйгаа мэдэгдсэн гишүүд рүү хүүхдийн живх, цаасан салфетка шидэв. Эсэргүүцэгчид “Өнөөдөр хэвлэлийн хурал хийж байгаа нөхдүүд жирийн гишүүдийн дэмжлэгээр гарч ирээд МАХН-ын минь "өрөм, тос өөх"-ийг нь хамж авчихаад, одоо гарна гээд сууж байна. МАН-ынхан Н.Энхбаяр гэдэг хүнийг ганцаардуулаад, намын гишүүдийг нь авна гэсэн бодлогоор ийм зүйл хийж байна” гэж байлаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр