Ахуйн шавж, мэрэгч устгахад бүртгэгдээгүй бодис ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-08-11 12:06:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19"-ийн цар тахлын нөхцөлд ААН, албан байгууллагууд тус халдвараас урьдчилан сэргийлэх хамгаалалтын арга хэмжээг хэрхэн сахиж, хянаж буй талаар НМХГ-ийн эрүүл ахуй, халдвар хамгаалал хяналтын Улсын байцаагч Э.Номингоос тодрууллаа.


-"COVID-19" цар тахлын халдвар хамгааллын хяналт шалгалтыг яаж хийж байна вэ?

-Манай газраас эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хоёр удаа хийгээд байна. Мөн ахуйн шавж, мэрэгч устгах үйлчилгээг хянаж байна.  "COVID-19"-ээс урьдчилан сэргийлэн байгууллагуудад хийж буй халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагааг хянаж байна. Эдгээр нь төлөвлөгөөт бус хяналт шалгалтад орж байгаа.

Тухайлбал, халдваргүйжилт дээр бодисын чанар, хүртээмжийг хянаж шалгаж байна. 

Хоол үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, зочид буудал, амралт сувилал, жуулчны бааз, сүм хийд, боловсролын байгууллагууд зэрэг бусад чиглэлд нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хянаж, зөрчил гаргасан үйлдэл болон тохиолдолд мэдэгдэл хүргүүлж хариуцлага тооцон ажиллаж байна. 


-Цар тахлын нөхцөлд ажиллаж буй ААН-үүдэд халдвар хамгааллын ямар шаардлага тавьж байна?

-"COVID-19"-ийн нөхцөлд дэлхий нийтээрээ мөрдөж буй иргэд хооронд зай барих, халдваргүйтгэл бодистой уусмалаар тогтмол цэвэрлэгээ хийх, амны хаалт зүүх зэрэг дэглэмийн үеийн үйл ажиллагаа мөрдүүлэхийг шаарддаг. 


-Хяналт шалгалтаар ямар зөрчил илэрч байна?

-Ахуйн шавж, мэрэгч устгах дээр 3 ААН улсын бүртгэлд бүртгэгдээгүй бодис хэрэглэж байсан зөрчил гарсан. Тэдгээр бодисыг БНХАУ-д үйлдвэрлэсэн байсан.


-Зөрчилд ямар арга хэмжээ авч хариуцлага тооцов?

-Тухайн үед нь албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгч зөрчлийг арилгуулсан. Эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдлыг сайн хангаж байна. Шалгалтад хамрагдаж буй бүх байгууллага холбогдох газруудын албан даалгавар, захирамжийн хэрэгжилтийг хангуулахын төлөө ажиллаж байна. Байгууллагууд зөвлөн туслах үйлчилгээ авч,  илэрсэн алдаа дутагдлыг тухай бүрт нь засаж, залруулж байна.

Т.Энхтогтох

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ