Луут хотын туурийг улсын хамгаалалтад авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
sodonizm@gmail.com
2020-08-11 19:46:22

Улаанбаатар/МОНЦАМЭ/.  Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээсэн археологийн багийн ахлагч, Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Идэрхангай судалгааны ажлын үр дүнгээ Боловсрол, шинжлэх ухааны яамны Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат болон УИХ-ын зарим гишүүн, эрдэмтэн судлаачдад танилцууллаа.

Археологич Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг 10 гаруй жилийн ажлынхаа үр дүнд Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс баруун урагш 10 орчим километр газарт малтлага хийж Хүннү гүрний нийслэл Луут хотын туурийг олж нээгээд буй юм. Монгол Улсад төдийгүй дэлхийд анх удаа “Тэнгэрийн хүү Шанью” гэсэн бичигтэй ваар илэрч олдсоноороо уг судалгаа түүхийн чухал ач холбогдолтойд тооцогдож байгаа аж.


Тус хотыг анх 2017 онд илрүүлсэн боловч санхүүгийн асуудлын улмаас энэ оноос эхлэн малтаж эхэлжээ. Цаашид олон жилийн судалгаа хийх шаардлагатай бөгөөд эхний ээлжинд улсын хамгаалалтад авах хэрэгтэй байгаа аж. Судалгааг дэмжиж, санхүүжилтийг нь гаргаад хамтарч ажиллах саналыг гадны байгууллагуудаас тавьж байсан ч энэ чухал олдворыг Монгол Улс өөрөө бие даан судлах хэрэгтэй гэж археологич Т.Идэрхангай үзэж байна.


Энэ удаагийн судалгаанд түүний хамт Улаанбаатарын их сургуулийн Археологийн тэнхимийн багш, археологич С.Оргилбаяр болон Д.Цэнд, Б.Амгаланбат, Э.Даваахүү, Б.Батчимэг, П.Эрдэнэпүрэв, П.Баянсан нарын залуу судлаачид, оюутан хамтарсан 20 орчим хүн оролцжээ.


Газар дээр нь очиж танилцсан Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга С.Мөнхбат хэлэхдээ, “Таамаглалыг эцэслэн батлахад олон жилийн судалгаа, малтлага шаардана. Ийм том хэмжээний археологийн малтлагыг төр нэгдсэн бодлогоор дэмжин ажиллах шаардлагатай бөгөөд Улсын Их Хурал, Засгийн газраас анхаарч, хөрөнгө зардлыг шийдвэрлэх нь чухал юм. Юуны өмнө Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэр гаргаж хамгаалалтад яаралтай авах ажлыг хийхээр боллоо” гэв.

 

Холбоотой мэдээ