"Хавдрын аюулгүй Архангай" төслийг эхлүүлэв

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-08-07 12:28:32
Архангай /МОНЦАМЭ/. "Хавдрын аюулгүй Архангай" төслийг эхлүүлэх урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр хийж байна. Энэ хэлэлцүүлгээр дээрх төслийг хэрэгжүүлэхэд ямар бэрхшээлүүд тулгарч болох, түүнийг яаж засаж сайжруулах талаар ярилцана. Үүнээс гадна төслийг хэрэгжүүлэхэд ямар хэмжээний хөрөнгө мөнгө шаардлагатай болох, түүнийг Монгол Улсын Засгийн газраас болон аймаг орон нутагт хэрхэн шийдвэрлэх, ялангуяа нийгмийн даатгалын сантай холбоотой асуудлыг ярилцах юм.
Төслийг хэрэгжүүлэх үүднээс ХСҮТ-тэй хамтран эмч, мэргэжилтнүүдийг сургаж, дадлагажуулахаас гадна стандартын дагуу тоноглосон хавдрын оношлогооны явуулын амбулаторийг шийдвэрлэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэллээ.
Түүнчлэн аймаг, орон нутгийн удирдлагууд Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт энэ хөтөлбөрийг тусгаж, 2021 оны төсөвт тодорхой хөрөнгийг тусгаж ажиллах талаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг чиглэл болголоо. Мөн аймаг, сумын эрүүл мэндийн салбарын удирдлагууд ч тодорхой чиглэлүүдээр үүрэг авсан юм.
Хэлэлцүүлэгт төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ж.Чинбүрэн болон ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү, бусад холбогдох хүмүүс, аймгийн удирдлагууд, ЭМГ-ын дарга, мэргэжилтнүүд болон сумдын ЭМТ-ийн удирдлагууд оролцож байна.
Архангай аймагт өнгөрсөн 2019 онд 160 гаруй хавдрын тохиолдол оношлогдсоноос 50-иас илүү хувь нь хожуу үедээ оношлогдсон тоон мэдээлэл байна.
Аймгийн хүн амын дунд элэг, ходоод, хөх, умайн хүзүү, улаан хоолой, уушгины хавдрын тохиолдлууд зонхилдог байна.
Архангай аймагт "Хавдрын эрт илрүүлэг, оношлогоо, судалгааны төв"-ийн барилгыг энэ долоо хоногт эхлүүлж, ирэх 9-р сард ашиглалтад авах ажээ.
Холбоотой мэдээ