Оросын хөнгөн атлетикчид Олимпт оролцох эсэх нь нэг сарын дараа шийдэгдэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-05-16 12:28:09

РИО-ДЕ-ЖАНЕЙРО./ТASS/. Оросын хөнгөн атлетикчдыг 2016 оны Олимпын тоглолтод оролцуулах эсэх тухай асуудлыг 6 дугаар сарын 17-нд Хянан магадлах хэсгийн илтгэлийг сонссоны дараа шийдэх болно. Энэ асуудлыг яг одоо хэлэлцэх нь зохимжгүй гэж Олон улсын Хөнгөн атлетикийн холбооны тэргүүн /ИААФ/ Себастьян Коу ярьсныг Ассошиейтид Пресс агентлаг уламжиллаа.

С.Коу өнгөрсөн ням гарагт Рио-де-Жанейро хотын Олимпын объектуудтай танилцсан байна.

Дэлхийн Сэргээшийн эсрэг агентлаг /ВАДА/-ийн хараат бус комисс өнгөрсөн оны 11 дүгээр сард Оросын Хөнгөн атлетикийн холбоо, Оросын Сэргээшийн эсрэг агентлаг, Москва хотын Сэргээшийн шинжилгээний лабораторийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Үүний дараа буюу мөн сарын 13-нд ИААФ олонхийн саналаар Оросын Хөнгөн атлетикийн холбооны гишүүнчлэлийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан аж. Хэрвээ тус холбооны гишүүнлэлийг сэргээхгүй аваас Оросын хөнгөн атлетикчид Рио-де-Жанейрогийн Олимпын тоглолтод оролцох боломжгүй болох юм. 

Одоогийн байдлаар, Оросын Сэргээшийн эсрэг агентлагийн /РУСАДА/ үйл ажиллагаа ВАДА-гийн дүрмэнд нийцэхгүй байгааг тогтоосноос гадна Москвагийн Сэргээшийн шинжилгээний лабораторийн магадлан итгэмжлэлийг хүчингүй болгожээ. 

Х.Сарнай

Холбоотой мэдээ