Тусгаарлалтад байгаа иргэдэд 31 их эмч үйлчилж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-08-06 12:14:20

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өчигдөр ажиглан тусгаарлах байранд 273 хүн шинээр орсон бол 520 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн байна. Одоогийн байдлаар  2579 хүн тусгаарлалтад байгаа талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдөр мэдээлэв.

Дээрх хүмүүст 31 их эмч, 32 резидент эмч эмнэлгийн тусламж үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай онгоцоор ирсэн 70 хүн эмчлүүлж байгаагаас дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт байна. Эдгээр иргэдэд 13 резидент эмч 22 сувилагч асрагч эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байна. Орон нутгийн төмөр замын 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын эмнэлгийн 12 ажилтан ажиллаж, 7 мянга гаруй хүнд тандалт судалгаа хийхэд коронавирусний халдвар илрээгүй. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 119 тоот дугаарт 123 хүн хандаж халдвараас урьдчилан сэргийлэх эмнэлзүйн талаар зөвлөгөө авсан. Шуурхай 119 утсанд АНУ, Испани, Японоос Монгол Улсын гурван иргэн утастаж коронавирусний эмнэлзүй эмчилгээний талаар зөвлөгөө авсан. Сэтгэцийн эрүүл мэндийн 1800-2000 утсанд 12 хүн холбогдож сэтгэл зүйн зөвлөмж зөвлөгөөг авсан байна” гэлээ.


ЗӨСҮТ-ийн ерөнхий захирал Н.Цогбадрах “ЗӨСҮТ-ийн хариу арга хэмжээний баг өнгөрсөн 7 дугаар сард 26 удаагийн дуудлага хүлээн авч, тусгай 19 нислэгээр ирсэн 3 мянга 834 иргэнд үйлчилж, тэдгээр хүмүүсийн 85 мянган килограмм ачаа тээш болон 19 онгоц, 29 тусгаарлах байр 148 тээврийн хэрэгсэлд эцсийн ариутггал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн 70284393 утас болон ЗӨСҮТ-ийн цахим хуудас, Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан халдвараас сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгсөн. Манай вируслогийн лаборатори 4 мянга 527 хүнээс сорьц авч, коронавирус илрүүлэх PCR шинжилгээг хийлээ. Замын-Үүдэд явуулын лаборатори 3 удаа ажиллаж, 452 шинжилгээ хийсэн. Бүх хариу сөрөг гарсан. Өчигдөр урд хилээр орж ирсэн 86 иргэнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан” хэмээв.

Холбоотой мэдээ