Амины сууц бүхий жишиг хорооллын дэд бүтцийн ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2020-08-05 18:10:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Утаагүй Дарханыг бий болгох их бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Инженерийн шугам сүлжээг нь бүрэн шийдсэн, 74 га талбайд 394 айлын амины орон сууц бүхий хорооллын дэд бүтцийн ажлыг “Дархан-Ус суваг” ХК хийж байна. 

Тодруулбал Дархан сумын 9, 10 дугаар багийн нутаг дэвсгэрт жишиг 31 дүгээр хороолол сүндэрлэх юм. Төслийн ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Захирагчийн ажлын алба ажиллаж байгаа бөгөөд долоо хоног бүр ажлын явцыг графикийн дагуу хянаж байна.   

Өнөөдрийн байдлаар 31-р хорооллын цэвэр бохир усны шугамын ажил 65 хувьтай, цэвэр усны нийт 10014 метр шугам угсрахаас 6760 метрийг угсарчээ. Мөн цэвэр усны 234 худаг угсрахаас 164 худгийг угсарсан, бохир усны татан зайлуулах шугам нийт 12.307 метр татахаас 7600 метр татсан, бохир усны 372 худаг угсрахаас 272 худгийг угсарчээ. Цахилгаан хангамжийн ажлын хувьд 68 хувьтай явагдаж байна. Дархан-Уул аймагт анх удаа томоохон бүтээн байгуулалтыг орон нутгийн өмчит компани гүйцэтгэж байгаад иргэд талархалтай байлаа. Газар олголт хуулийн дагуу явагдсан бөгөөд дэд бүтцийн ажил дууссаны дараа хашаа байшин баригдана. Урд өмнө нь хийгдэж байгаагүй жишиг хорооллыг байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдлыг бууруулах үүднээс цогц шийдэл гаргаж байгаа бөгөөд тус ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Дархан-Ус суваг” ХК-ийн хамт олон ч сэтгэл өндөр байна.

Дархан хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу байгаль орчинд ээлтэй, эрүүл аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлсэн орчин үеийн шийдэл бүхий амины орон сууцны хороололд 394 өрхийн 1300 гаруй иргэн инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд амьдрах боломж ийн бүрдэж байгаа юм.

 

 

Холбоотой мэдээ