Монгол-Сингапурын бизнес уулзалт цахимаар болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-05 08:52:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МҮХАҮТ Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран Монгол, Сингапурын вебинар бизнес хэлэлцүүлгийг ирэх сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Хэлэлцүүлгээр хоёр орны бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаж, Сингапураар дамжин Монголын бизнес эрхлэгчид Зүүн өмнөд Ази, цаашлаад олон улсын зах зээлд нэвтрэх талаар хөндөх аж. 

Бизнес цахим уулзалт Zoom програмыг ашиглан англи хэл дээр явагдах бөгөөд энд тээвэр, аялал жуулчлал, хэвлэх үйлдвэр, боловсрол, дэд бүтэц, бөөний худалдаа, мал эмнэлгийн эм ханган нийлүүлэлт, газрын тос ба хий, цахилгаан үүсгүүр болон цахилгаан станц, гал тогооны тоног төхөөрөмж, цэвэр кофе үйлдвэрлэгч, экспортлогч, эрчим хүчний бүтээгдэхүүн үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай цахилгаан бараа, электроник инженерийн бүтээгдэхүүнийн үйлдвэрлэгч, импортлогч, худалдааны салбарын бизнес эрхлэгчдийг урьжээ.


Үүний өмнө Монгол-Сингапурын хамтарсан "Эрина солюшнз" ХХК хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтарсан "Экспорт-хөрөнгө оруулалтын чуулган"-ыг өнгөрсөн онд манай улсад зохион байгуулсан юм. Чуулганд дэлхийн зах зээлийн хамгийн хөдөлгөөнт бүс болох Сингапурт өөрийн бизнесээ эхлэхийг зорьж байгаа, бараа бүтээгдэхүүнээ REDMART, AMAZON, ALIBABA зэрэг дэлхийн топ худалдааны сайтуудаар борлуулах хүсэлтэй байгаа Монголын ААН, компаниуд оролцсон юм. 

"Эрина солюшнз" ХХК нь Сингапурын инкубаторын цуврал Бизнес хөтөлбөрийн нэг хэсэг болох  Азийн Бизнес Инженерийн албан ёсны төлөөлөгч ажилладаг юм.

Холбоотой мэдээ