Л.Мөнхтүшиг: Гадаадад байгаа иргэдэд туслах хүсэлтийг 50 улсын Засгийн газарт тавьсан

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-01 17:27:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд шинэ цар тахал дэгдэж хүн төрөлхтөн олон хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна. Түүний нэг нь улс орнууд хөл хорио тогтоож хилээ хаасан энэ үед эх орондоо харих хүсэлтэй байгаа иргэдийн асуудал. Монгол Улсын хувьд, өнөөдрийн байдлаар  гадаадад байгаа 15 мянган иргэнээ тусгай нислэгээр татан авчээ. Цаашид тусгай нислэгүүд үргэлжлэх ч нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдийн тоо 10 мянгаас буурахгүй байгаа юм. Иргэдээ татан авах ажиллагаа, түүний хүндрэл бэрхшээл, цаг үеийн зарим асуудлаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшигтэй ярилцлаа. 


-Манай улсад байгаа нутаг буцах хүсэлтэй гадаад иргэдийг ямар журмаар зохциуулж эх оронд нь буцааж байгаа вэ?


-Цар тахлын улмаас нэгдүгээр сарын сүүл үеэс эхлэн Засгийн газар, УОК-ын шийдвэрээр Монгол Улс авто замын болон агаарын замын зорчих хөдөлгөөнөө шат дараатай зогсоосон. Өөрөөр хэлбэл хилээ хаасан. Үүнтэй холбоотойгоор, хязгаарлалтын улмаас Монголд гацсан нутаг буцах хүсэлтэй байгаа гадаадын иргэдийн асуудал гарч эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бид энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ гэхээр, монгол иргэдээ гадаадаас татаж авах тусгай нислэгт хамруулан эх оронд нь буцааж байна. Эндээс явах тусгай нислэгт гадаадын иргэдийг түлхүү хамруулах нь тэргүүн зорилт гэдгийг хамгийн анх МИАТ компанитай тохирсон. Ингээд Улаанбаатар хотод байгаа гадаадын Элчин сайдын яамдад хандаж Монгол Улсад ирээд гацсан нутаг буцах хүсэлтэй байгаа иргэдээ бүртгэж тусгай нислэгийн аль чиглэлд явуулах боломжтой байгаа талаарх мэдээллээ явуулах хүсэлт өгсөн. Үүний дагуу өнгөрсөн хугацаанд МИАТ-ийн үйлдсэн 40 орчим тусгай нислэгийн эхэн үед гадаад иргэдийг буцаасан. Одоо бол нутаг буцах хүсэлтэй гадаад иргэн Монголд байхгүй. Зөвхөн Монгол Улсад оршин суудаг, ажилладаг, эсвэл монгол иргэнтэй гэр бүл болсон иргэд үлдсэн гэж хэлж болно. 


-Манай улсад дийлэнхдээ хятад, солонгос, орос иргэн байдаг. Ер нь аль чиглэлд илүү олон гадаад иргэн буцаасан бэ? 


-Өнгөрсөн хугацаанд БНСУ руу хамгийн олон буюу бидний тооцсоноор, 600-700 орчим солонгос иргэн нутаг буцсан. БНСУ-ын талаас өөрийн "АСИАНА" авиа компаниар тусгай нислэг үйлдэж гуравдугаар сард 200 гаруй иргэнээ татан авсан. Энэ бол тусгай нислэгээ өөрийн орны иргэдээ татан авсан анхны тохиолдол байсан юм. Ер нь Монгол Улсад оршин суудаг гадаад иргэд дундаа хятад, орос, солонгос иргэд дийлэнх хувийг эзэлдэг. Хятадын хувьд, гуравдугаар сард цөөн тооны иргэдээ Замын-Үүд боомтоор татан авсан бол өнгөрсөн долоо хоног буюу энэ сарын 21,29-нд өөрийн авиа компанийн хоёр онгоцоор 400 гаруй иргэнээ буцаалаа. Энэ бол өөрийн авиа компаниар хамгийн олон иргэнээ татан авсан тохиолдол гэж ойлгож болно. Бусад нислэгээр, АНУ болон Европын чиглэлд цөөн тооны иргэдийг буцаасан. 


-Гадаадад суралцдаг ихэнх оюутнуудын хичээл намрын улиралд эхэлдэг. Мөн тэтгэлэг авчихаад тухайн улс орондоо очиж чадахгүй байгаа олон оюутан бий. Тэгвэл сургалтын визтэй оюутнуудыг тусгай нислэгт хамруулж гадагш явуулах боломж байгаа юу?


-Өнөөдрийн байдлаар гадаад улс орнууд ихэнх нь их дээд сургуулиа хэзээ хэвийн горимд шилжүүлэх, цахим сургалтаа үргэлжлүүлэх эсэхээ шийдээгүй байна. Цар тахлын нөхцөл байдал дэлхий дахинд намжаагүй. Зарим улс орон хяналтдаа авсан гэж байсан бол одоо цар тахлын хоёр, гурав дахь давалгаа эхэллээ гэж ярьж байна. Тиймээс цар тахлын нөхцөл байдал намжаагүй тул энэ асуудал одоогоор тодорхой биш.

Мөн улс орнууд хилээ нээсэн тохиолдолд ямар иргэдийг нэвтрүүлэх эсэх нь тодорхой болсны дараа гадаадад сурдаг оюутнуудын асуудал хамт шийдэгдэнэ гэж ойлгож байгаа. 



-Тухайн улсад оршин суух эрхтэй иргэдийг тусгай нислэгт хамруулж байгаа. Энэ шаардлагыг зөвхөн УОК-оос тавьж байгаа юу?


-Дэлхий даяар улс орнууд хилээ хэсэгчлэн нээж эхлээд байгаа. Гэхдээ энгийн жуулчид буюу богино хугацаагаар аялах, бизнесийн шугамаар явж байгаа иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа. Тусгай нислэгээр явж байгаа монгол иргэдийн хувьд, БНСУ, Япон, шенгений оронд байнга оршин суух зөвшөөрөлтэй иргэд юм. Өөрөөр хэлбэл, байнга оршин суух гэдэг нь гурван сараас дээш хугацаагаар тухайн улсад оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг хэлж байгаа юм. Зөвхөн энэ хүмүүсийг нэвтрүүлнэ гэдэг шаардлагыг тухайн улс орноос тавьж байгаа. Тиймээс Элчин сайдын яамнаас тухайн иргэний визийн зөвшөөрлийг нь МИАТ компанид мэдэгдэж тийзийг нь бичүүлж байна. 


-Тусгай нислэгээр гадаадаас ирж байгаа иргэд тийзний үнэ энгийн үеийнхээс илүү үнэтэй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Энэ тухайд ямар тайлбар өгөх вэ?


-Энэ асуултад ГХЯ шууд тайлбар хийхэд хэцүү. Гэхдээ өнгөрсөн хугацаанд УОК-ын шийдвэрээр татан авах ажиллагаа зохион байгуулах үүрэгтэй оролцож байгаагийн хувьд, иргэдээс ирсэн гомдол, хүсэлт, өргөдлийг МИАТ-д тухай бүрт нь хүргүүлж ирсэн. 

МИАТ-аас өгсөн тайлбараар, нэгдүгээрт, Монгол Улсаас гарах гэж байгаа чиглэлд онгоцны суудал дүүрдэггүй, ихэнх тохиолдолд хоосон байдаг. Хоёрдугаарт, цар тахлын улмаас дэлхий даяар хийгддэг нислэгийн давтамж, чиглэл ноднингийнхоос хоёр дахин багассан. Тиймээс авиакомпаниуд маш хүнд нөхцөл байдалд, зарим нь дампуурч байгаа.

МИАТ-аас тусгай нислэгээр зорчигчдод ногдуулж байгаа тийзний үнэ нь нислэгт зарцуулж байгаа өртөгт бүрэн шингэсэн, илүү ашиг хонжоо хараагүй зардал гэдгийг албан ёсоор хэд хэдэн удаа мэдэгдсэн. Энэ тухай МИАТ-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр ч хэвлэл, мэдээллээр мэдэгдэж байсан. Бид гадаадад байгаа Элчин сайдын яамдаас мэдээлэл авдаг. МИАТ-аас нислэг зохион байгуулахтай холбоотой маш олон бэлтгэл, нислэгийн зөвшөөрлийг энэ цаг үед хүмүүнлэгийн шугамаар аль болох шуурхай байдлаар авч байна. 


-Зөвхөн онгоц нисгэхээс гадна бусад зардал байдаг. Цар тахлын улмаас тэдгээр зардалд ямар нөлөө гарч байна вэ?


-Нислэгүүд цөөрсөн. Дээрээс нь онгоц нисээд буухаас гадна газрын үйлчилгээ гэж тусдаа зардал бий. Авиа компаниудын нислэг цөөрсөн энэ үед тухайн улс орны онгоцны буудалд газрын үйлчилгээ үзүүлдэг компаниудаас санал болгож байгаа үнэ энгийн үеийнхээс илүү болчихсон гэж байна билээ. Энэ зардлыг МИАТ гаргаж байгаа. МИАТ компани гадаадад нислэг үйлддэг, зөвхөн Оюутолгой компанийн захиалгаар Ханбогд руу онгоц хөөргөдөг. Тэгэхээр МИАТ маш алдагдал хүлээж байгаа юм. Тиймээс тусгай нислэгүүдийг ашиг олохгүйгээр алдагдлаа нөхөх зорилгоор тухайн нэг нислэгт гарч байгаа зардлаар тийзний үнийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдалдаа уялдуулж үнэ тогтоосон гэдгээ хэлж байна. 

Гэхдээ нэг зүйлийг онцлоход, сүүлд хийсэн Сөүлийн тусгай нислэгийн тийзний өртөг нэг сая 400 мянгаас 300 мянган төгрөгөөр багасаж нэг сая 100 мянга болсон гэсэн мэдээллийг бид авсан. 


-Өнөөдрийн байдлаар 12 мянга гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ УОК-т өгсөн талаарх мэдээллийг өгч байсан. Тусгаарлах байрны хүрэлцээнээс хамаарч иргэдээ татан авч байгааг ч өмнө мэдээлсэн. Тусгаарлах байрны тоог нэмэхэд ямар бэрхшээл тулгарч байна вэ?


-УОК болон ГХЯ-ны хувьд гадаадад байгаа иргэдээ аль болох шуурхай татаж авах чиглэлийг барьж байгаа. Нэг зүйлийг тодотгож хэлэхэд, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой нэн чухал асуудал тул дотоод нөөц бололцоо, эрсдэлээ тооцож дотоодод халдвар алдахгүй байхыг нэн тэргүүнд тавьж байна. Гэхдээ иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлж шат дараатай зохион байгуулж байгаа. 


УОК-ын даргын тушаалаар, тусгаарлах байрны нэг өдрийн жишиг үнийг 50 мянган төгрөг байхаар баталсан. Үүнд гурван удаагийн хоол, хоёр удаагийн цай, нэг хоногийн байрны төлбөрийг багтааж шингээсэн. Яг үнэндээ энэ үнээр зөвшөөрөөд иргэдийг 21 хоног байрлуулах зочид буудал хязгаарлагдмал байна.

УОК-ын шуурхай штабаас өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй тогтмол яриа, хэлэлцээр хийж тусгаарлах байрны тоог нэмж ирсэн. Бид 3-4 дүгээр сард 1000 гаруй иргэнээ дөрвөн удаагийн нислэгээр татан авч бйасан бол тавдугаар сараас 5-6 нислэг үйлдэх болсон. Цаашлаад зургаадугаар сараас 10, долоодугаар сард 14 тусгай нислэг үйлдэж байна. Ирэх сард хамгийн багадаа 14 нислэг үйлдэнэ гэсэн урьдчилсан төлөвлөгөө гаргасан. Анх 1000 хүн татан авч байсан бол одоо 3400 гаруй иргэнийг татан авч байгаа юм. Үндсэндээ нэг сард татан авах тоо 2000 гаруйгаар нэмэгдсэн гэсэн үг. 


Гэтэл нийслэлд 50 мянган төгрөгөөр зардлаа нөхөөд ажиллах боломжгүй гэсэн буудал олон байна. Тэд үнийг хамгийн доод талдаа 120 мянга болгох хэрэгтэй гэсэн зүйл ярьдаг.

Хэрвээ 120 мянгаар тогтоовол гэр бүлээрээ ирж байгаа хүмүүсийн хувьд, тийз үнэтэй байхад нэмээд тусгаарлах байрны 21 хоногийн зардал нэмэгдэж санхүүгийн дарамт учруулна. Үүнийг бид ойлгож байгаа. 


-Манай дотоодын авиа компаниуд тусгай нислэг үйлдэх хүсэлтээ УОК-т өгч байгаа. Тэдгээр авиа компанийг татан авах ажиллагаанд оролцуулах боломж бий юу?


-Монгол Улсад олон улсын нислэг үйлддэг EZNIS, Хүннү эйр зэрэг компани бий. Тэднээс УОК-ын удирдлага болон ГХЯ-нд хүсэлт ирүүлж байгаа. Нэг зүйл хэлэхэд, татан авах ажиллагаа нь зөвхөн нэг онгоц нисгээд тэнд байгаа иргэдийг авчраад Монголд буулгасны дараа автобусаар зөөгөөд тусгаарлах байранд хүргэж байгаа асуудал огт биш. 

Үүний цаана маш олон бэлтгэл ажил шаарддаг. Бэлтгэлээ хангасан үедээ улс орныхоо аюулгүй байдлыг хангаж дотооддоо халдвар авах эрсдэлийг хамгийн доод түвшинд байлгах, нөгөө талдаа нэг татан авалтаар аль болох олон иргэн авчрах зорилготой. Гэтэл бусад авиа компанийн онгоцууд суудлын тоо нь хязгаартай, 100 хүрэхгүй. 

Наймдугаар сард гэхэд 3460 иргэн татан авахаар төлөвлөсөн. Ингэхдээ, тусгаарлах байрууд хэзээ сулрахыг тооцож, нислэгийнхээ хуваарийг гаргасан. Нэг татан авалтаар олон иргэн хамруулахаар тооцож байгаа. 


-Нутаг буцах хүсэлтэй байгаа 12 мянга гаруй иргэнийг бүгдийг нь татаж авах эцсийн хугацаа хэдийгээр байна гэж тооцож байгаа вэ?


-УОК-т нутаг буцах хүсэлтээ өгсөн иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 12283 байна. Гадаадаас ирэх хүсэлтэй байгаа иргэдийн тоо дөрөвдүгээр сарын дунд үеэс эхлэн 10 мянга хавьцаа болсон. Хамгийн анх гуравдугаар сараас эхэлж иргэдийг бүртгэж байхад гурван мянга орчим байсан. Одоо 10 мянгаас багасахгүй байгаа гэдэг нь татан авахгүй байна гэсэн үг огт биш. Өнгөрсөн хугацаанд бид 15018 иргэнийг гадаадын 49 улсаас татан авсан байна. Тэгэхээр, өмнө нь хүсэлт гаргаж байсан 10 мянган иргэний дийлэнх нь ирчихсэн гэсэн үг. Хүсэлт гаргаж байгаа хүний тоо нэмэгдэж байгаа олон хүчин зүйл бий. Зарим нь УОК-оос тавьж байгаа өндөр настай, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, эмчийн хяналтад байдаг гэсэн шалгуурт тэнцэж байгаа хүмүүст боломж олгож хүсэлтээ өгөхгүй байсан. Тэр хүмүүс одооноос өргөдлөө өгөөд эхэлжээ. Зарим иргэдийн хувьд, сургуулиа төгсөөд дипломоо авчихсан, оюутны байргүй болох гэж байгаа хүмүүс байна. Өөр нэг хүчин зүйл нь, зуны дэлгэр цагт Монголдоо ирж амрах гэсэн хүсэлтэй хүмүүс ч байна. Гэхдээ хэзээ бүгдийг нь татаж авах вэ гэдэг нь харьцангуй ойлголт. Гадаадад манай улсын 197 мянган хүн амьдарч байгаа статистик мэдээ 2019 оны сүүлээр гарсан. Тэгэхээр байнга оршин суудаг иргэн ч нутаг буцах хүсэлт гаргахыг үгүйсгэхгүй. 

Хил хаасан, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг наймдугаар сарын 31 хүртэл сунгасан. Цаашид 9-10 дугаар сард хэрхэх УОК-ын шийдвэр гараагүй тул хэлж мэдэхгүй юм. Иргэдээ татан авч дуусах хугацаа гээд тов хэлэхэд хэцүү. Харин сар бүр татан авах иргэдийн тоог тогтмол өсгөсөөр 3500 орчимд хүргэсэн байна. Цаашдаа 4000 хүргэх зорилт тавьж байгаа. 


-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа томилогсоноос хойш уламжлал ёсоор Элчин сайдуудтай уулзаж байгаа. Уулзалтын үеэр гадаадад байгаа монгол иргэдийнхээ асуудлаар ямар яриа хэлэлцээ хийж байна вэ?


-Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажлаа авсанаас хойш хамгийн түрүүнд гадаадад байгаа монгол иргэдийн асуудалд анхаарал хандуулж байна. Цар тахлын улмаас хилээ хаачихсан байгаа энэ үед визийн асуудалд уян хатан хандахыг Элчин сайдуудаас хүссэн. Үүнээс гадна тэдэнд тулгарч байгаа санхүүгийн болон бусад бэрхшээлд нөөц боломжоороо туслахыг хүссэн. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 12 283 иргэн байна. Энэ хүмүүс дэлхийн 50 улсад байгаа. Үүнийг мөн 50 улсын Засгийн газарт тавьсан. Улс орнууд монгол иргэдэд санхүүгийн дэмжлэг болохоос илүүтэй визийн асуудалд уян хатан хандаж байна. Визийг нь долоодугаар сарын 15-наас хойш сунгахгүй гэсэн улс орнууд сунгаад эхэлчихсэн. Чех, Англи, Австрали улс илүүтэй уян хатан хандаж байгаа. Хоёрдугаарт, Гадаад харилцааны сайд Н.Энхтайван гадаадад байгаа Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газрууд Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацаанд иргэн бүрт анхаарал тавьж, аль болох чирэгдэл багатай үйлчлэх, туслах бүхий бололцоог дайчла гэсэн үүрэг өгсөн. 

Энэ цаг үед гадаадад байгаа Элчин сайдын яамдын жолоочоос эхлээд Элчин сайд хүртлээ сэтгэл гарган ажиллаж байгаа. Дэлхий даяар тархчихсан энэ цар тахлыг бид аль болох ойлголцол, хамтын хүчин чармайлтаар даван гарна. Энэ цар тахал хэзээ дуусах, вакцин гараад дэлхий хэзээ аюулгүй болох нь тодорхойгүй байна. Бидний мэддэг дэлхий ирээдүйд өмнөх шигээ байх уу үгүй юу гэдэг нь ч эргэлзээтэй. Дэлхий нийт өмнөх шигээ хилээ нээж, чөлөөтэй харилцан зорчдог байх уу үгүй юу гээд маш олон цоо шинэ зүйлстэй тулгарч байна. Бид харилцан ойлголцож эв нэгдлээр хүнд үеийг даван гарна гэдгийг уриалж хэлмээр байна. 


-Хилийн чанадад байгаа монголчуудад туслах Засгийн газрын тусгай сан бий. Энэ сангаас хилийн чанадад байгаа монгол иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж байна уу?


-Цар тахлын улмаас дэлхий даяар эдийн засаг агшсан. Улс орнууд эдийн засгийн хүнд нөхцөлд орсон. Цаашид эдийн засгийн хүндрэл хэрхэн мэдрэгдэх нь тодорхойгүй байна шүү дээ. Энэ цаг үед санхүүгээр туслах нь аль ч улс орнуудад хүнд байгаа. Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сан гэж бий. Маш хязгаардагдмал төсөвтэй. Жирийн үед үүгээр хилийн чанадад гэмт хэрэг, зөрчилд холбогдсон хүмүүст туслахаас гадна амиа алдсан иргэдийн шарил, чандарыг эх оронд нь авчрах чиг үүрэгтэй ажилладаг. Энэ сангийн хүрээнд таван шалгуур хангасан иргэдэд тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа. Мөн гадаадад гацсан иргэдээсээ хамгийн хүнд нөхцөлд байгаа иргэдээ бид судалж байна. Бүх Элчин сайдын яам энэ судалгааг гаргахад хамгийн эмзэг бүлэг гэж болох хүмүүс Турк улсад түлхүү байна. Бид Туркэд илүү анхаарал хандуулж, тэнд байгаа 250 өрхийн 1000 орчим иргэнд 7-10 хоногийн хүнс авах боломжоор хангаж, хүнсний төвөөр үйлчлүүлэх эрхийн бичиг, талон өгөх арга хэмжээг хэрэгжүүлсэн. 

Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагад хандан Туркэд байгаа иргэдэд хүнсний тусламж үзүүлэхийн зэрэгцээ орон байрны түрээс, цахилгааны төлбөр зэргийг тодорхой хэмжээнд даах, чөлөөлөх тусламж хүссэн, нааштай хариу аваад байна. 


-Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар мөн Чех улсад байгаа монгол иргэдийг тус улсын Засгийн газрын зардлаар тусгай нислэгээр эх оронд нь авчрах болсон байх аа?


-Наймдугаар сард Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Чех улс дахь салбар тус улсад байгаа нутаг буцах хүсэлтэй ч зардал мөнгөгүй байгаа монгол иргэдийг эх оронд нь хүргэж өгөх болсон. Ингэхдээ Чех улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санхүүжилтээр, Чехийн онгоцоор тийз, монголд ирээд тусгаарлах 21 хоногийн зардлыг нь бүрэн даах юм. Дээрх нислэгийг бид УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулж хүлээн авах зөвшөөрөл авлаа. Тус нислэг наймдугаар сарын 10-нд Чех улсын Прага хотоос 200 орчим иргэнийг тээвэрлэнэ. Энэ бол албан ёсны шугамаар хэрэгжүүлж буй ажил. Харин хүнд хэцүү цаг үед Элчин сайдын яамдын ажилчид жолоочоосоо Элчин сайд хүртэл иргэддээ туслаад явж байгаа. Энэ үед хувийн болон хүмүүнлэгийн, шашны байгууллагад хүсэлт явуулж, хүнд нөхцөлд байгаа иргэддээ орон байр, хоол хүнсээр хангах ажил их бага хэмжээгээр явуулж байгаа. 


-Саяхан Чех улсаас ирсэн монгол иргэн ОХУ, Монгол Улсын хилийн дундын зурваст ирээд гацсан тохиолдол гарсан?


-Нэгдүгээрт, яг улсын хил дээр тулаад ирчихсэн иргэнийг нэвтрүүлэх асуудлыг ГХЯ хариуцдаггүй. Дээрх иргэний мэдээлэл УОК-ын Шуурхай штабт ирсэн гэж ойлгосон. Харин ГХЯ-тай холбоотой хэсэг дээр хариулахад, энэ иргэн анх Чехээс нааш ирлээ гэдгээ Элчин сайдын яамаар дамжуулан ГХЯ-нд мэдэгдсэн зүйл байгаагүй. Хэрвээ мэдээлэл байсан бол ХХЕГ, УОК-т танилцуулж, хилээр нэвтрэх зөвшөөрлийг урьдчилж авах боломж байсан. Харамсалтай нь, мэдэгдэлгүй ирчихсэн. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр, гуравдугаар сарын 28-наас хойш Монгол-Оросын хил хаалттай байгаа шүү дээ. Хаалттай байгаа энэ үед иргэдийг хэрхэн нэвтрүүлэх тухай горим хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ нь ОХУ-аас ирэх монгол иргэдийг зохион байгуулалттай татаж авах шийдвэр юм. Зохион байгуулалт гэдэг нь тухайн иргэнийг зүгээр л хилээр нэвтрүүлчих асуудал биш. Тухайн иргэн эрсдэлтэй олон бүс нутгаар явсан байна шүү дээ. ОХУ-д халдварын нөхцөл байдал ямар байгаа билээ. Иргэнийг зохион байгуулалттай татан авахын тулд Монгол Улс дотооддоо халдвар алдахгүйн тулд хилийн бүх мэргэжлийн хяналтын байгууллага хамтран хичээж ажилладаг. Чехээс ирсэн иргэний асуудалд, тэр бүх бэлэн байдлыг хангаагүй байсан. Хил дээр ирснийх нь дараа ГХЯ мэдээлэл авсан. УОК-ын зөвшөөрөл гарсны дагуу хил дээр ажиллаж байгаа бүх байгууллага бэлтгэлээ хангаад тухайн иргэнийг хил нэвтрүүлж Сэлэнгэ аймагт тусгаарласан. Яагаад урьдчилж мэдэгдээгүй вэ гэдгийг ар гэрээс нь тодруулах шаардлагатай. 


-Тухайн иргэн мэдээллийн сайтад өгсөн тайлбартаа, Элчин сайдын яамандаа мэдэгдэхэд явж болно гэж хэлсэн гэсэн. Цаашид энэ жишгээр ирсэн монгол иргэнийг хилээр нэвтрүүлэх үү?


-Тухайн иргэний мэдээллийг авсан даруй бүх Элчин сайдын яам, Консулын газартаа хандаж тодруулсан. Тэр охины мэдээлэл аль Элчин сайдын яаманд, хэн гэдэг албан тушаалтанд очсон нь тодорхой бус. Нийтэд нь тодруулахад бидэнд тийм мэдээлэл өгөөгүй гэж тайлбарласан. Хоёрдугаарт, ОХУ гуравдугаар сарын сүүлээр гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр ОХУ-д хүчинтэй мөрдөгдөж байхад энэ иргэн яаж ОХУ-д нэвтрээд Хиагт боомтоор гараад ирсэн бэ гэдэг нэг асуулт гарна. Энэ маш тодорхойгүй байгаа. Европд байгаа иргэд ОХУ хилээрээ нэвтрүүлж байгаа гэсэн буруу мэдээлэл автаад ОХУ-ын хил дээр ирээд гацах эрсдэл үүсээд байна. Чехээс ирсэн иргэн ОХУ-ын хилийн хаагуур, яаж нэвтэрсэн нь бидэнд үнэхээр сонин байна. 

Албан бус мэдээгээр, Беларусаар том оврын ачааны автомашинаар орж ирсэн. ТИР буюу олон улсын тээврийн автомашиныг улс орнууд хилээрээ нэвтрүүлж байгаа. Тэр охины орж ирсэн ачааны автомашин ТИР биш байсан. Тэгэхээр ТИР явж байна гээд шалгаагүй юм уу, ямар ч байсан ороод ирсэн байсан. Хэрвээ энэ нь илэрвэл тэр охин, автомашины жолооч хоёр хил зөрчигч болох эрсдэлтэй. Тиймээс тэр охины төлөө бидэнтэй холбогдоочээ гэж хүсээд байгаа юм. 


-Тэгвэл газраар өөрөө яваад эх орондоо ирэх боломж хязгаарлагдмал гэж ойлголоо. Гэхдээ ОХУ зарим улс оронтой агаарын хилээ нээсэн шүү дээ. Агаараар ОХУ-д очоод тэндээсээ эх орондоо ирэх боломж байхгүй юу?


-ОХУ, БНХАУ гадаад иргэн хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан нь хүчинтэй байгаа. ОХУ дөнгөж энэ долоо хоногт Англи, Танзани, Туркээс ирэх иргэдийг хилээрээ нэвтрүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Дээр хэлсэн гурван улсад байнга оршин суудаг зөвшөөрөлтэй иргэн болон тухайн улсын иргэд ОХУ-ын хилээр нэвтрэх боломжтой. Тэгэхээр Турк ч юм уу, Англид түр хугацаагаар жуулчны визээр, эсвэл түр хугацаагаар зорчсон иргэнийг ОХУ нэвтрүүлэхгүй гэсэн үг. Үүнд маш нарийн зөв ойлголт төрүүлэхгүй бол ОХУ-д нисэж очоод гацах, буцаад явах асуудал үүсэх эрсдэлтэй. 

Хэрвээ ОХУ Монгол Улсын иргэдийг хаанаас ирж байгаагаас үл хамааран хилээрээ нэвтрүүлж байсан бол бид зөвхөн тусгай нислэгээр татан авахгүй шүү дээ. Бүхий л боломжийг эрэлхийлнэ. 

Жишээ хэлэхэд, ОХУ гадаад улсуудтай хилээ хаагаагүй хоёрдугаар сарын сүүл үед Алтанбулаг боомт нээлттэй байсан, тусгай нислэг ч үйлдэж байсан. Тэр үед Япон болон Солонгост байсан иргэд ОХУ-ын зүүн хэсгээр коридор үүсгээд Улаан-Үд Эрхүүгээр улсын хилээр орж ирсэн шүү дээ. Одоо бол нөхцөл байдал өөр, аль ч улсаар дамжин ОХУ, БНХАУ-аар орж ирж болохгүй болоод байгаа юм. Түүнээс биш иргэдийг зөвхөн тусгай нислэгээр татан авна гэсэн ойлголт байхгүй гэдгийг албан ёсоор хэлье. 


-Тусгаарлах байртай холбоотой гомдол цахим орчинд гараад байгаа. Үүнд ГХЯ-наас тайлбар өгөх боломжтой юу?


-ГХЯ татан авах ажиллагааг хариуцаж байгаа тул үүнд шууд хариулж чадахгүй. Гэхдээ штабын түвшинд олон гомдол ирдэг, хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг. УОК-ын Шуурхай штабт хамт ажиллаж байгаа хүмүүс олон хүндрэлтэй тулгарч байгаа. Иргэд янз бүрийн асуудал гаргаж байгаа нь үнэн. Гэхдээ цөөн тооны иргэн. 


-Манай улс цөөн хэдэн улс руу нислэг үйлдэж байна хэмээн зарим иргэд шүүмжлэлтэй хандаад байгаа. Өөр бусад улс руу нисэх боломж бий юу?


-Өнгөрсөн хугацаанд үйлдэж байгаа нислэгийн чиглэл цөөн байгаа мэт харагдаж байгаа байх. Гэхдээ бид Франкфурт, Сөүл зэрэг томоохон олон улсын нисэх буудалтай газрыг ашиглаад, 49 улсаас 15 мянга гаруй иргэнээ татаад авчихсан. Ингэхдээ, энэ нисэх буудлууд руу нислэг үйлдэж байгаа улс орнуудын чиглэл бүрийг судалсан. Цөөн улсаас иргэдээ татан аваагүй. Сүүлийн Франкфуртын нислэгээр л гэхэд, Африкт буюу Танзани, Мозамбик, Египетд байсан иргэдээ татан авсан. Түүний өмнөх нислэгээр Аргентин, Бразил гээд бидний тооцож байгаагүй газарт байсан хүмүүсийг бүгдийг нь татан авсан. Энэ бүх тооцоо судалгааг бид хийгээд явж байна. 


-Хөл хорионы улмаас тухайн улсдаа гацсанаар визний хугацаа хэтрүүлсэн, торгууль төлбөрт унасан иргэд хэчнээн байгаа вэ. Тэдний асуудалд ГХЯ хэрхэн ажиллаж байна вэ?


-Зургаан сарын хугацаанд нэг ч иргэнийг визний хугацаа хэтрүүлсэн торгууль, төлбөрт унагасан тохиолдол байхгүй гэдгийг албан ёсоор хэлэх ёстой. Хятадаар жишээ авахад, БНХАУ руу 30 хоногийн визгүй зорчдог. 30 хоногоор явчихаад 14 жил болчихсон хүн сая коронавирусээс зугтаад нутаг буцсан шүү дээ. Нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр орж ирсэн санагдаж байна. Хамгийн дээд хугацаа нь 14 жил байсан бол дунд нь 5-10 жилээр визний хугацаа хэтрүүлсэн хүн олон байсан. Хятадаас бид авто замаар 4 мянган иргэнээ татаж авсан. Үүний дотор маш олон иргэн визийн хугацаа хэтрүүлсэн байсан. Хятад улс 30 хоногийн визгүй хугацааг 1 хоногоор хэтрүүлэхэд 500 юанаар торгодог. Бид визний хугацаа хэтрүүлсэн бүх иргэдийн торгууль, тооцоог нэмээд үзэхэд 50 мянган юан болж байсан. Бид БНХАУ-д 12 мянган монгол иргэн, голдуу оюутан байдаг гэж тооцсон бол энэ тоо 15-16 мянгад хүрсэн. Бид энэ торгуулиас бүрэн чөлөөлүүлсэн. Энэ бол нэг жишээ. АНУ-ын хувьд визээ сунгуулах төлбөр авч байгаа нь үнэн. Энэ бол торгууль биш, визний төлбөр юм.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ