Хонконгт парламентын сонгуулийн товыг хойшлуулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-01 09:12:06

ХОНКОНГ /СЯНГАН/. /TASS/. Цар тахлын нөхцөл байдал огцом дордож буйтай холбогдуулан 9 дүгээр сарын 6-нд хийхээр товлоод байсан Хонконгийн Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийг нэг жилээр хойшлуулахаар болжээ. Энэ тухай БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн гүйцэтгэх засаглалын тэргүүн Кэрри Лам баасан гарагт мэдэгджээ.


“Сонгуулийн товыг хойшлуулах нь маш хүнд шийдвэр хэдий ч ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, шударга, нээлттэй санал хураалт явуулахын тулд зайлшгүй авах алхам юм. Коронавирусний цар тахал Хонконгийн эдийн засагт сүүлийн 7 сарын хугацаанд томоохон цохилт өгөөд байна. Бид маш ноцтой нөхцөл байдалтай тулгараад буй бөгөөд халдварт өвчний эрсдэл нэмэгдэж байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


Хонконгийн сөрөг хүчнийхэн сонгуулийн товыг хойшлуулах нь тэдний боломжийг бууруулна гэж үзэж, энэ санааг эсэргүүцжээ. Тэд парламентыг хянаж, Хятадын талыг баримталсан аливаа хууль тогтоомжид хориг тавих боломжтой болохын тулд парламентын суудалд тал хувийг нь эзэлнэ гэж тооцоолсон байна. Хонконгийн хууль тогтоох зөвлөл нь 70 депутатаас бүрдсэн нэг танхимтай парламент юм.


Сүүлийн арван өдөр Хонконгт халдварт өвчний нөхцөл байдал илт муудаж, өдөр бүр коронавирусний халдварын зуу гаруй шинэ тохиолдол илэрчээ. Пүрэв гарагт халдвар авсан хүний тоо нэг өдрийн дотор 149-өөр нэмэгдсэнээр, цар тахал тус бүсэд дэгдэж эхэлснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Хонконгт нийт 3272 хүн коронавирусээр халдварлаж, 27 хүн нас баржээ. 


Холбоотой мэдээ