“Зуны зугаатай уншлага”-д хүүхдүүд идэвхтэй оролцож байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-29 20:37:07

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон санаачлан "Зуны зугаатай уншлага" үйл ажиллагааг Буянт гол дээр зохион байгуулж байна.

Тус үйл ажиллагааны зорилго нь Буянт голын зусланд байгаа айл өрхийн хүүхэд багачууд, өсвөр үе, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, ном унших, хөгжих боломжийг бүрдүүлэхэд чиглэж буй юм.

Хоёр дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Зуны зугаатай уншлага" үйл ажиллагааны хүрээнд ахлах, дунд ангийн сурагч, хүүхэд, насанд хүрэгчдэд зориулж 300 орчим ном дэлгэжээ.  

Одоогийн байдлаар дунд ангийн сурагч, хүүхэд багачууд идэвхтэй оролцож, олон төрлийн ном зохиолтой танилцаж байна.

Энэхүү үйл ажиллагааг есдүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Лхагва гараг бүр 10:00-15:00 цагт тогтмол зохион байгуулах тул иргэд идэвхтэй оролцохыг мэргэжилтнүүдийн зүгээс уриалав. 

Өнгөрсөн жил "Зуны зугаатай уншлага" үйл ажиллагааны хүрээнд 1000 орчим ном дэлгэсэн. Ингээд давхардсан тоогоор 3000 гаруй хүнд үйлчилсэн гэх судалгаа бий.

Ташрамд Ховд аймгийн Нийтийн номын сангийн хамт олон өдгөө “Цахим уншлагад нэгдэцгээе” үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байнаЭнэ хүрээнд байгууллагын албан ёсны цахим хуудсаар дамжуулан сонирхолтой өгүүллэг, үлгэр, тууж, роман зэргийг олон нийтийн хүртээл болгож буй юм.  

Мөн ажлын өдрүүдэд “Эрдэм шинжилгээ-чөлөөт уншлага” болон “Уншлагын их танхим” 08:00-21:00 цагт ажиллаж байна. Харин  “Үл мэдэх” болон “Их мэдэх” танхим, Америкийн соёл мэдээллийн төв  08:00-17:00 цагт тус тус үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн бүх уншлагын танхим иргэдэд гэрээр ном олгож байгаа аж.

Одоогийн байдлаар нэг танхим 10-15 иргэнд ээлжээр үйлчилнэ. Уншигч, үйлчлүүлэгчид амны хаалт зүүх шаардлагатай бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг  99438538, 99228481 утсаар холбогдож авах боломжтой. 

Холбоотой мэдээ