Хогоо эх үүсгэвэр дээр нь ангилан ялгаж хэвшихийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2020-07-28 20:19:57

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Ус, орчны эрүүл ахуйг сайжруулах зөвлөлөөс ард иргэдийг хогоо эх үүсгэвэр дээр нь ангилан ялгаж хэвшихийг уриаллаа.

Тодруулбал, “Эрүүл ахуйн аян-2020” үндэсний аян, “Цэвэр орчин-Эрүүл Алтай 2” аяны хүрээнд тус зөвлөлөөс  хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэдийг хог, хаягдлаа ангилан ялгахад чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна. “Хог ангилах явц зардал өндөр учир дахин боловсруулагдаж, хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн болон очих боломжтой хог хаягдлууд шатаагдаж байгальд, хүнд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Хэрэв бид хогоо ангилаад сурчихвал нийт хог хаягдлын 85 хувийг дахин боловсруулах боломжтой. Ирээдүй хойч үе, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд амьдруулахын тулд бид одооноос эхлэн хог хаягдлаа эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгаж хэвшүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хог, хаягдлаа ялган, ангилах ажлыг нийтээрээ өрнүүлэх нь чухал ач холбогдолтой юм” хэмээн холбогдох албанаас мэдээлсэн юм.

Түүнчлэн Говь-Алтай аймагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Японы ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжаар “Хот суурин газрын хатуу хог хаягдлын менежмент” төсөл Говь-Алтай аймагт хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төслийн хүрээнд орон нутагт хог хаягдлыг дахин боловсруулах дэд бүтцийг бий болгох бөгөөд орон нутгийн иргэд, нэн ялангуяа зорилтот бүлгийн өрхүүд, эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангаж, чадавхыг бэхжүүлж, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөлийг нь бүрдүүлэхийг зорьж байгаа ажээ. Мөн хог хаягдлыг дахин ашиглах, боловсруулах талаарх олон нийтийн мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгж болон олон нийтийн байгууллагуудад хог хаягдлыг багасгах, дахин боловсруулан ашиглах чиглэлээр шинэлэг арга барил, санаачилгыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Аймгийн захиргааны байгууллагын хатуу хог хаягдлын менежментийн бодлогыг хөгжүүлэх, чадавх, төлөвлөлтийг сайжруулахад дэмжлэг үзүүлж, улмаар бусад аймгийн төвүүдэд нэвтрүүлэх хог хаягдлын менежментийн нэгдсэн загварыг бий болгох юм байна. 


Холбоотой мэдээ