Увсад 23,4 мянга гаруй аялагч иржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-07-28 17:32:54

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 20-ны байдлаар Увс аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр бааз, амралтын газруудаар нийтдээ 20300 гаруй, зочид буудлуудаар 3100 гаруй, нийтдээ 23,4 мянга гаруй дотоодын аялагчид байрласан тоон мэдээ гарчээ.

Энэхүү тоо баримтаас үзэхэд Увс аймагт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, амралтын газруудын хүчин чадал, тоог нэмэгдүүлж өрсөлдөөн бий болгох, үйлчилгээг нь сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарч байгааг мэргэжлийн байгууллага онцлож байна. Мөн стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжууд, хог ангилан ялгах цэгүүдийг жуулчны бааз, амралтын газруудад яаралтай байгуулах шаардлагатай байгаа аж.

“Жил бүрийн 7, 8 дугаар сарууд бол аялал жуулчлалын хамгийн оргил сарууд байдаг. Энэ жилийн хувьд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор манай улс гадны жуулчин хүлээж аваагүй хэдий ч дотоодын жуулчдын урсгал хөдөлгөөн их байна. Увс аймаг Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсонтой холбоотойгоор энэ жил манай аймгийг зорин ирэх аялагчдын тоо эрс нэмэгдсэн. Аймгийн хэмжээнд нийтдээ 20 гаруй жуулчны бааз, амралт, рашаан сувилалын газрууд, 10 гаруй зочид буудал аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр жуулчны бааз, гэр бааз, амралт, рашаан сувилалын газрууд нь нэг ээлжиндээ 1100 гаруй хүн, зочид буудлууд нэг ээлжиндээ 330 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай. Энэ сарын 20-ны байдлаар 23,4 мянган аялагч энд байрласан байна. Одоо энэ сарын сүүлчээс эхлээд 8-р сар дуустал илүү олон аялагч ирэх байх” хэмээн аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Д.Дэлгэрмөрөн хэллээ.

Мөн аялж зугаалж, амарч буй иргэд хог хаягдлаа зөв зохистой хаях, ил зайдгай бие засаж байгаль орчноо бохирдуулахгүй байхыг тэрбээр сануулсан юм.

 

Холбоотой мэдээ