Мэргэжлийн сургалтын төв ургацын дээжээ хураажээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-07-28 10:27:24

Булган /МОНЦАМЭ/. Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалтын төв газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлийн сургалтын бааз дээрээ тариалсан ургацын дээжээ хурааж худалдан борлуулж эхэллээ.

-Манай хамт олон энэ жил нийт 600 хавтгай дөрвөлжин метр талбайтай дөрвөн хүлэмжид найман төрлийн нарийн ногоо тариалж, чөлөөт цагаараа арчилгаа, усалгааг хийсний дүнд ургац арвин байна. Өнөөдрийн байдлаар ургацын дээж болох 120 кг өргөст хэмх, салатны навч, бууцайг иргэдэд хүргэлтээр борлуулаад байна гэж тус аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжил сургалтын төвийн захирал Н.Пүрэвсайхан ярилаа.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн хүрээнд тус сургалтын төвийн "Хүлэмжийн аж ахуйн фермер", "Хүнсний ногооны фермер", "Жимс, жимсгэнийн аж ахуйн фермер" мэргэжлүүдийн дадлагын бааз суурийг бэхжүүлэх зорилгоор 480 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий зуны нийлэг хальсан гурван хүлэмжтэй болсон юм. Шинэ хүлэмжийн анхны ургацын дээжээ хурааж, иргэдийн хүнсний хэрэгцээнд нийлүүлж эхэлсэн энэ ажээ. 

Холбоотой мэдээ