“Нэг хот-Нэг стандарт” ажлын биелэлт 71 хувьтай гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-27 14:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн 2020 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлт 71 хувьтай байна. 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаан дээр танилцууллаа. 

Хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нэг хот-Нэг стандарт болзолт уралдаан нь хотын ажлыг идэвхжүүлэх зорилготой уралдаан гэдгийг онцолж, "Бид иргэдийн аюулгүй байдлыг хангасан, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Бид нэг хотод амьдарч байгаа бол нэг стандартыг мөрдөх ёстой. Энд амжилттай оролцсон дүүрэг, хороодыг урамшуулж, хариуцлагагүй оролцсоныг нь олон нийтэд нээлттэй зарла. Ажлаа хийж чадахгүй байгаа дүүргийн удирдлагуудыг мөн олон нийтэд мэдээлэх хэрэгтэй” гэв.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжаар баталсан “Нэг хот-Нэг стандарт” болзолт уралдааны II улирлын үнэлгээг удирдамжид заасны дагуу нээлттэй тендерт шалгарсан ТББ гүйцэтгэжээ. 

Мөн өнөөдрийн хуралдаанаар олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нарын ажлын явцыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцуулав. Олон нийтийн цагдаагаар ажилласан хэсгийн хороодын ахлагч нар өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүрэгт  41.506 зөрчил, Хан-Уул дүүрэг 39.564, Баянгол дүүрэгт 34.288, Чингэлтэй дүүрэгт 16.521, Баянзүрх дүүрэгт 90.99, Налайх дүүрэгт 5463 зөрчил тус тус илрүүлж, иргэдэд зөвлөмж мэдээлэл хүргэжээ.

Засаг даргын зөвлөлийн гишүүд олон нийтийн цагдаагаар ажилласан хэсгийн ахлагч нарын 2020 оны II улирлын урамшууллыг холбогдох журмын дагуу олгох болов.

Холбоотой мэдээ