Тариалалт хэвийн үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-25 11:56:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жилийн ургацаар улаан буудай,төмсний хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломжтой байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун мэдээллээ.

2020 оны хаврын тариалалтаар нийт 522 мянга га-д тариалжээ. Одоогийн байдлаар ургац тариалалт хэвийн үргэлжилж байна. Үр тариа нийтдээ 484 мянган га, улаан буудай 363 мянган га, тэжээлийн ургамал 56 мянган га, тосны ургамал 51 мянган га, төмс 18.3 мянган га, хүнсний ногоо 9 мянган га газарт тус тус тариалжээ.

Цаашдаа цаг агаарын нөхцөл байдал энэ хэвээр, хур бороотой үргэлжилбэл төлөвлөсөн ургацаа авч чадна. Ингэснээр буудай, төмсөөр дотоодын хэрэгцээг 100 хувь хангах аж.


"COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас өгсөн дотоодын хангамжийг тогтвортой байлган нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд төмсний тариалалтыг гурван мянган га,  хүнсний ногоог мянга орчим га-аар нэмэгдүүлж тариалжээ. Хангалттай хэмжээнд ургацаа авбал хүнсний ногооны үнэ тодорхой хэмжээнд тогтвортой байх боломжтой гэж салбарын яамнаас үзэж байна.

Хадгалалт дээр Улаанбаатар хотыг тойрсон зоорь буюу агуулахтай ААН, байгууллагуудтай хамтарч хадгалалт, борлуулалтыг хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.



Гэрэл зургуудыг Т.Чимгээ


Холбоотой мэдээ