Хятад хараат бус хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд хяналт тавина

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-07-24 12:15:52

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын Кибер орон зайн асуудал эрхэлсэн улсын газар интернетийн хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийг зохицуулах асуудлаар үндэсний хэмжээнд явуулах кампанит ажлыг эхлүүлнэ.


“Долдугаар сарын 24-нөөс эхлэн Хятад улс даяар сүлжээний орон зайг эмхлэн цэгцлэх арга хэмжээг авах болно. Үндэсний хууль тогтоомжид нийцүүлэн цахим хуудсуудад нарийн шалгалт явуулж, ноцтой зөрчлүүдийг илрүүлэх арга хэмжээг авахаар төлөвлөж байна. Дүрэм журамд огт нийцэхгүй вэб сайтуудыг хаана. Интернет орчинд хэв журмын зөрчилтэй байгаа арилжааны сайтууд, бие даасан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг зохицуулах нь энэ арга хэмжээний гол зорилго юм” хэмээн Кибер орон зайн асуудал хариуцсан газрын мэдэгдэлд дурджээ.  


Баримт бичигт тусгаснаар, энэхүү кампанит ажилд Хятадын Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтэс, Аж үйлдвэр, мэдээлэл зүйн яам, Нийгмийн аюулгүй байдлын яам, Соёл, аялал жуулчлалын яам, Хэвлэл, радио нэвтрүүлэг, кино салбар, телевиз хариуцсан ерөнхий газрууд оролцох аж. Эрх баригчид энэхүү кампанит ажилд иргэд дэмжлэг үзүүлж байгааг сайшааж, Засгийн газрын тусгай цахим хуудсаар дамжуулан сүлжээний орон зайн худал, буруу ташаа мэдээлэлтэй холбоотой бүх гомдлыг авч хэлэлцэхэд бэлэн байгааг мэдэгдэлд онцолжээ. 

Холбоотой мэдээ