Тархи судлалын олон улсын чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-07-23 17:51:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тархи судлалын олон улсын чуулган "Нейросайнсын үндсэн техникүүд" сэдвээр манай улсад ирэх сарын 10-15-нд болно. 

Дэлхийн Тархи судлалын байгууллага тархи судлалын сургалтыг эрдэмтэн, эмч, судлаач нарт зориулан жил бүр манай улсад зохион байгуулдаг юм. Энэ жилийн “Тархи судлалын үндсэн техникүүд-Улаанбаатар 2020″ олон улсын сургалт нь лекц, семинар, туршилт, хэлэлцүүлэг хэлбэрээр, цахимаар, онол-дадлага хосолсон байдлаар АШУҮИС-д болж, "Эсийн амьдрах чадварыг тодорхойлох сорил" сэдвээр анагаах ухааны доктор Э.Түмэнжин, "Стрессийн шалтгаант эмгэгүүд" сэдвээр мөн анагаах ухааны доктор Б.Дамдиндорж нар илтгэл тавина. 

Мөн Японы Кюүши Их сургуулийн профессор, анагаах ухааны доктор Тицуяа Хирамото "Мэдрэлийн үрэвсэл", БНХАУ-ын ШУА-ийн тархи судлалын институтын профессор Кай Вон "Эсийн дохио дамжуулалт" сэдвээр тус тус лекц унших юм. 

Чуулганы сүүлийн өдөр "Нейросайнсын ёсзүй/биоанагаахын ёсзүй" сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх талаар зохион байгуулагчид мэдээллээ. 

Тархи судлалын шинжлэх ухаан нь мэдрэл сэтгэхүйн тогтолцоо, түүний бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг молекулын түвшнээс эмнэлзүй, мэдрэл сэтгэц, сэтгэл судлал, зан үйл, нейромаркетинг, нийгмийн түвшинд хүртэл судалдаг, олон салбарын нэгдмэл шинжлэх ухаан юм.

Нейросайнс нь зан араншин, эс судлал, танин мэдэхүй, соёл, тархины бүтэц, үйл ажиллагаа,  нийгмийн нейросайнс, молекул биологи зэрэг шинжлэх ухааны олон салбарт хөгжиж байна.

Холбоотой мэдээ