Архангай аймагт гэмт хэргийн гаралт буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-24 12:49:58

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээгээр оны эхний зургаан сарын байдлаар нийт 150 хүн гэмт хэрэгт холбогдож, 255 гэмт хэрэг гарчээ.

Гарсан гэмт хэргийн дотор хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 57, өмчлөх эрхийн эсрэг 153, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 11, байгаль хамгаалах журмын эсрэг 19 гэмт хэрэг гарсан тухай аймгийн Цагдаагийн газар мэдээлэв. Гэмт хэргийн улмаас 11 хүн нас барж, 67 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 357.2 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 7.8 хувийг бүлэглэж, 16.9 хувийг согтуугаар үйлдсэн байна. Зөрчил гаргасан 46 хүнийг албадан саатуулж, 206 хүнийг баривчилсан байна.  Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 19.0 хувиар буюу 60 тохиолдлоор буурсан. Харин байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг 14 тохиолдлоор өссөн байна.

Холбоотой мэдээ