Я.Содбаатар: Энэ сард 15 тусгай нислэгээр иргэдээ татан авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-оос долоодугаар сард төлөвлөөд байсан 12 нислэг дээр нэмж Австрали руу 1, БНСУ-руу шууд 1, транзит нислэг 1-ийг тус бүр үйлдэж, 690 иргэнээ нэмэлтээр татахаар болсон тухай өнөөдөр мэдээлэв.
УОК-оос хилийн чанадад байгаа иргэдээ татан авах ажиллагааг эрчимжүүлж байгаа бөгөөд дээрх нислэгийг нэмснээр, долоодугаар сард нийт 15 удаагийн нислэгээр 3400 иргэнийг эх оронд нь авч ирэх аж. Өнөөдрийн байдлаар, дэлхийн 55 улсаас 10 513 Монгол Улсын иргэн эх орондоо ирэх хүсэлтээ УОК-ын шуурхай штабт албан ёсоор гаргаад байна. Тэдний 1800 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 740 өвчний магадлагаатай, 797 нь өндөр настан, 240 гаруй нь жирэмсэн, 1553 нь оюутан, 131 нь богино хугацааны визээр сургалтад хамрагдсан насанд хүрэгч, 13 нь хүүхэд бусад 4300 гаруй иргэн байна. УОК-оос хүсэлт гаргасан эдгээр иргэдээ богино хугацаанд эрчимтэй татаж авахаар ирэх сард татан авах ажиллагааг нэмэхээр зорьж байгааг Шадар сайд мэдээллийн үеэр тэмдэглэв. Гэхдээ татан авах ажлыг ХӨСҮТ, тусгаарлах байрны хүлээн авах чадварт нийцүүлнэ гэдгийг тодотгов. Тусгаарлах байрыг нэмэгдүлэхээр нийслэл болон ойр орчмын нийт 215 зочид буудал, 45 амралтын газарт судалгаа хийхэд 24 хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй, нийтийн бие засах газартай, 25 нь гал тогоогүй гэх зэргээр халдвар хамгааллын шаардлага дэглэмд нийцэхгүй хүндрэл тулгараад байна. Мөн Олон улсын зэрэглэл бүхий өндөр үнэтэй зочид буудалд иргэдийн сонголтоор байрлуулж болох эсэх талаар судлахад тухайн байгууллагад халдвар хамгааллын дэглэмийг хэсэгчлэн мөрдүүлэх ямар ч нөхцөл боломжгүй нь тогтоогджээ. Тиймээс тодорхойлогдсон нөхцөл боломждоо тулгуурлаж татан авах ажлаа үргэлжлүүлнэ гэлээ.
Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67 290 Монгол Улсын иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна. Тусгай нислэгт эхний ээлжинд багтах иргэдэд тавигдах шаардлагуудыг өргөжүүлж, богино хугацааны сургалтын визээр гадаадад зорчсон иргэн, оюутан, амжиргааны зардалгүй хүнд нөхцөлд орсон иргэдийг хамруулж байна.
УОК-оос дотооддоо халдвар тархаах эрсдлээс урьдчилан сэргийлэх, нийт иргэдийн амь нас, аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудлыг нэгдүгээрт тавьж байна. Иймд халдвар хамгааллын дэглэмийг чангатгаж, иргэдийн гомдол, цахим орчинд тархаж буй мэдээллийг нягталсны үндсэн дээр, эрдэмтэн судлаачид, ОУ-ын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаж, тусгаарлах 21 хоногийг багасгахгүйгээр шийдвэрлэжээ.
Гадаад дахь иргэдийг татан авахтай холбогдуулан УОК-ын Шуурхай штабт 13 000 гаруй өргөдөл гомдол, мэдээлэл ирсэн байна. Иймд татан авах явцыг иргэдэд ил тод нээлттэй болгох менежмент хийхээр болжээ. Үүнд гомдол мэдээлэл бүрт хариу өгч шийдвэрлэх, нийтэд зарлах, Гадаад дахь дипломат байгууллагад иргэдийн гаргасан хүсэлт, дарааллыг тухайн байгууллагууд ямар нэг хэлбэрээр ил тод байрлуулах, иргэн өөрийн дарааллыг харах боломжтой болгохыг УОК-иос шаардаж ажиллах аж. Иргэд УОК-ын ШШ-ын 18001105, 318277, 223454 дугаарын утсаар гомдол мэдээлэл өгөх боложмтой.
Тусгаарлалтад байгаа иргэдээс цахим хуудсаар дамжуулж, албан бусаар гаргаж буй зарим гомдолд Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн дараах тайлбар өглөө.
Тусгаарлалтад байгаа иргэдэд удаан хугацаагаар шинжилгээ хийхгүй байна гэдэг нь мэргэжлийн байгууллагын тандалт судалгаанд үндэслэн, шинжлэх ухааны үндэслэлтэй, COVID-19-ийн илрэх шинж, шатлах хугацаанд тулгуурлаж байгаа гэдгийг онцлов.
Хэдийгээр, иргэдээс гомдол мэдээлэл ирж, гадаад дахь иргэд жагсаж, улстөрийн агуулгатай акц зохион байгуулж байгаа ч татан авах ажлыг эрдэмтэн судлаач, халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, МИАТ компанийн хүчин чадал, тусгаарлах байрны багтаамж болон ХӨСҮТ-ийн мэдээлэл зэрэг бүх талаас нь судлаж тэнцвэржүүлнэ гэдгээ Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдэгдлээ. Тэрбээр, "Дэлхийн 35 Улс онц байдал зарлаж, 92 нь хилээ бүрэн хааж, 22 нь хилийн хорио тогтоож, төгс эмчилгээний аргачлал өнөөг хүртэл гараагүй, өдөр тутам хувьсан өөрчлөгдпөж байгаа COVID-19 цар тахлыг дотоодод алдаагүй байдлаа хадгалах нь маш чухал. Хөрш орнуудад маш өндөр эрсдэлтэй байгаа энэ үед болгоомжтой ажиллах ёстой" хэмээв.