Гадаадад гацсан иргэддээ дэмжлэг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-17 17:45:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны өгсөн чиглэлийн дагуу эх орондоо ирэх хүсэлтэй байгаа монгол иргэдээ татан авч дуусах хүртэлх хугацаанд дэмжиж ажиллах хүсэлтийг ГХЯ-наас Ази, Европ, Америк, Австрали, Африк тивийн нийт 55 улсын Засгийн газарт хүргүүлжээ. 


Монгол Улсын Засгийн газар дэлхийн нийтийг хамарсан коронавируст цар тахлын улмаас хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй байгаа 10 мянга гаруй иргэнийг аль болох богино хугацаанд эх оронд нь авчрахаар зорьж, татан авах ажиллагааг эрчимжүүлсэн. Тиймээс дээрх хүсэлтэд, тэдгээр иргэдийг эх оронд нь татан авахад зохих анхаарал тавьж, нөхцөл байдал нь хүндэрсэн, тухайлбал оршин суух зөвшөөрөл, виз сунгуулах, "COVID-19"-ийн шинжилгээнд хамруулах, санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд боломжоороо дэмжиж туслахыг хүсжээ.


Монгол Улсын Засгийн газраас хоёр болон олон талын шугамаар иргэддээ туслах зарим арга хэмжээ авч байна. Тухайлбал, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран Турк Улсад гацсан манай улсын иргэн 200 орчим өрхөд хүнсний тусламж олгох зэргээр ажиллаж байна. Энэ үйл ажиллагаа цаашид ч үргэлжилнэ.


Коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс хилийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-нээс зогсоогоод байгаа хэдий ч өнөөдрийн байдлаар Улсын онцгой комиссын шийдвэрээр нийт 12 чиглэлд 38 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 44 орноос 14 000 орчим иргэнээ эх оронд нь авчраад байна.

Холбоотой мэдээ