Н.Цогбадрах: 137 сумын газар нутагт тарваган тахлын голомт оршиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-07-17 16:43:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд хамгийн сүүлд бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын шинжилгээний сорьц өнөөдөр 10:20 цагт нийслэлд ирсэн талаар Зоонозын өвчин судлалын Үндэсний төвийн захирал Н.Цогбадрах өнөөдөр болсон НОК-ын шуурхай хэсгийн хуралдаан дээр мэдээллээ. 

Тэрээр, "Одоо шинжилгээ үргэлжилж байна. Дээрх тохиолдлын хувьд бэр гуйх ёслолд оролцсон хүмүүсийг тухайн айл нь тарваганы махаар дайлсан байсан. Өнөөдөр Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар дуудлага мэдээлэл ирсэн. Тодруулбал, буудуулсан тарвагаар тоглож байсан 6 настай хүүхдийн биеэр тууралт гарч, өндөр халуурсан байна. Одоогийн байдлаар 17 аймгийн 137 сумын газар нутагт тарваган тахлын голомт оршиж байна” гэв. 

Цаашид тарваган тахлын халдвараас сэргийлэхийн тулд нийслэл хот руу тарвага, түүхий эд оруулахаас сэргийлж, хянах шаардлагатай байна. Эрсдэл үүссэн тохиолдолд нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллах бэлтгэл хангах, халдварт хамгааллын дэглэм сахиулахад анхаарч ажиллах нь зүйтэй байна гэв.

Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан хэлэхдээ, "Бид коронавирусний эсрэг хатуу арга хэмжээ авч байгаа. Түүнтэй дүйцэхүйц байдлаар тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна. Шалган нэвтрүүлэх товчоодод гэлтгүй хотоос гарах хөдөлгөөнийг хянаж шалгалт явуулна. Иргэд бүгд нийтээрээ, бусаддаа шаардлага тавих хэрэгтэй. Хүүхдээ аюулгүйн суудалд суулгах, хурдаа тааруулах, аюулгүйн бүсээ зүүх, тарваганы мах идэхгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулах шаардлагатай” гэв.


Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, ТЦА, НМХГ, Зоонозын өвчин судлалын Үндэсний төв, Эрүүл мэндийн газар бүгд хамтарч онцгой анхаарч ажиллана. Мөн нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллага, тарваган тахлын эрсдэл бүхий бүсүүдийн орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хууль бус ан агнууртай холбоотой мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд нээлттэй мэдээлж, хяналт тавих үүргийг НОК-ын ажлын багийн гишүүдэд өглөө.


Холбоотой мэдээ