ОХУ, Азербайжаны дипломатчид уулзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-07-17 12:25:46

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Андрей Руденко, Азербайжан улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Полад Бюльбюльоглу нар пүрэв гарагт уулзаж, хоёр талын асуудлууд болон Азербайжан-Арменийн хилийн нөхцөл байдлын талаар хэлэлцжээ.


“Талууд хоёр талын харилцаанд тулгамдаж буй асуудлууд болон Азербайжан-Арменийн хилийн нөхцөл байдал зэрэг бүс нутгийн аюулгүй байдлын талаар хэлэлцсэн” гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна.


Мөн “COVID-19” цар тахал намжсаны дараа олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. “Тэд шинэ коронавирусний халдвар болон халдвараас үүдэлтэй үр дагавартай тэмцэх, хоёр орны иргэдийг нутаг буцаахад туслах чиглэлд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллах үүрэг амлалт өгсөн” гэж дээрх мэдэгдэлд тэмдэглэжээ.


Арменийн Зэвсэгт хүчин Азербайжаны хилийн орчмын Товуз бүсийн чиглэлд их буугаар халдахыг завдсан талаар Азербайжаны Батлан хамгаалах яам энэ сарын 12-нд мэдээлжээ. Тус яамны мэдээлснээр, халдлагууд шөнийн цагаар болжээ. Бакугийн засаг захиргааны мэдээлснээр, мөргөлдөөн эхэлснээс хойш 11 азербайжан цэрэг амиа алджээ.


Харин Арменийн Батлан хамгаалах яам, дөрвөн хүн амиа алдаж, 10 хүн шархадсан хэмээн мэдээлээд, Азербайжаны тал зөрчил гаргахыг завдсаны улмаас хилийн хурцадмал байдал даамжирсан гэж мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ