Дундговь аймгаас элсэлтийн ерөнхий шалгалтад хоёр сурагч 800 оноо авчээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-07-17 15:21:44
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцсон сурагчид, багш нарыг шагнаж урамшууллаа.

Тодруулбал, Эрдмийн далай цогцолбор сургуулийн сурагч Б.Анхзаяа, Ж.Энхжин нар монгол хэлний хичээлээр шалгуулж, бүрэн оноогоо авсан байна. Тиймээс тэднийг бэлтгэсэн тус сургуулийн монгол хэл, уран зохиолын багш О.Цэцгээ, Ц.Мөнгөнчимэг болон шалгалтаа амжилттай өгсөн хоёр сурагчид Сайнцагаан сумын ЗДТГ-аас өргөмжлөл, тус бүр 500,000 төгрөгөөр шагнаж урамшуулжээ.

Дундговь аймгийн хувьд элсэлтийн ерөнхий шалгалтын 10 хичээлд давхардсан тоогоор 1405 шалгуулагч шалгалт өгч, аймгийн хэмжээнд ердөө дээрх хоёр сурагч 800 оноо авчээ. Шалгалт өгсөн сурагчдын онооны дундаж дүнгээр тус аймаг 21 аймгаас 14 дүгээрт жагсаж, өнгөрсөн оны амжилтаас долоон байраар ухарсан байна.

Шалгалт өгсөн 10 хичээлийн онооны дунджийг харьцуулбал монгол хэлний хичээлээр тавдугаарт жагссан бол химийн хичээлээр 21, биологийн хичээлээр 19, бусад хичээлээр 11-14 дүгээр байрт жагссан аж.

Тус аймгийн хэмжээнд 12 жилийн сургалттай найман сургууль байдаг. Сайнцагаан сум өнгөрсөн жилээс “Чадвартай багш-Чанартай боловсрол” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ч сурагчдын чадвар дээшлээгүй байна.

Аймгийн төвдөө Монгол Улсын гавьяат багш Н.Өлзийн нэрэмжит Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуультай аймгийн хувьд математикийн хичээлээр 496,7 дундаж оноо авч, 21 аймгаас 13 дугаарт жагссан ажээ.  

 

Холбоотой мэдээ