Баяр, наадмын өдрүүдээр үер, усны аюулаас 146 иргэнийг аврав

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-07-15 17:11:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, Зам, тээврийн хөгжлийн яамнаас баяр наадмын амралтын өдрүүдээр үер, усны ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.


ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, "Үер, усны ослын 38 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 146 хүний амь насыг авран хамгааллаа.  Мөн усны ослоор  амь насаа  алдсан 10 иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа. Эдгээр иргэний  8 нь том хүн, 2 хүн нь хүүхэд. Тодруулбал,  энэ сарын 11-нд Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт “Туул” голд осолдсон Дорноговь аймгийн Замын-Үүд сумын харьяат иргэн Э (31 настай, эрэгтэй), Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Туул” голд осолдсон Баянхонгор аймгийн харьяат иргэн Ц (25 настай, эмэгтэй), 13-нд Төв аймгийн Лүн сумын нутагт нийслэлийн Баянгол дүүргийн харьяат иргэн Б (41 настай, эрэгтэй); мөн өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны “Задгай”-д үерийн ус зайлуулах далангийн усанд хүний цогцос байна гэсэн дуудлагаар нэр, хаяг тодорхойгүй 50 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг оллоо. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт “Орхон” голд 7 осолдсон иргэн О (28 настай, эрэгтэй) болон энэ сарын 14-нд  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг “Хөвсгөл” нуурын эрэг дагуу явж байсан Орхон аймгийн харьяат иргэн Т (58 настай, эмэгтэй), Б (33 настай, эрэгтэй), М (7 настай, эмэгтэй) нарын,  Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Хэрлэн” голд осолдсон  Э (2 настай, эрэгтэй) нарын цогцсыг тус тус гарган, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Энэ сарын 14-нд Налайх дүүргийн нутаг дэвсгэр “Туул” голд живсэн Т (11 настай, эрэгтэй)-г эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.


Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын нутаг дэвсгэрт 10-нд орсон хүчтэй мөндөр, аадар бороо орсны улмаас уруйн үерт малчин Э,Ц нарын 104 ямаа, 6 хонь хорогдсон. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутгаар энэ сарын 12, 13-нд усархаг аадар бороо орсны улмаас үерийн ус зайлуулах далан сэтэрч 34 айл өрхийн гэр, хашаа байшин үерт автсан бөгөөд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид даланг засах, айлуудын хашааны усыг соруулах, суваг шуудууг сургээлээ. Мөн Увс аймгийн Улаангом сумын нутгаар 14-нд орсон хүчтэй аадар борооны улмаас 3 өрхийн 8 гэр үерт автсан.  Улаангом сумын “Гашууны гол”-ын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын гүүр үерийн усанд эвдэрч зорчиж явсан автомашинууд үерийн усанд боогдсон дуудлагаар Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулгаар ахлуулсан алба хаагчид ажиллаж, үерт өртсөн айлуудын хашаан дахь усыг соруулж, гэрүүдийг нүүлгэн шилжүүлж, үерийн усанд боогдсон 2200 гаруй автомашиныг татаж гаргасан. Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгаар 13-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабелийн 19.4 км-т гэмтэл гарч, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан. “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн засварын баг гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байгааг мөн мэдээлсэн юм.


Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа “Хүчтэй усархаг аадар борооны улмаас Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозамын 3, 4, 6, 7, 9 дэх км-үүдэд зорчих хэсэг дээр үерийн ус давж урссан. Авто замын 3 дах км-т байрлах ус зайлуулах хос төмөрбетон хоолойн хэсэгт замын далан, хучилт 5 метр орчим газар тасарсан. Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 3.5 дах км /Дулаан цахилгаан станц орчим/-т зорчих хэсэг дээр үерийн ус давж 30 метр орчим замын далан угаагдаж сэтэрсэн эвдрэлийг “Хөвсгөл-АЗЗА” ТӨХК-ийн ажилтнууд ажиллаж, автозамын хажуугийн лаг шаврыг цэвэрлэн, 2 км урттай түр зам, 4 метр өргөн, 3 метр өндөр, 50 метр урттай шороон далан шинээр байгуулж, 70 м үерийн шуудуу татсан. Эвдрэл гарсан хэсгийн хажуугаар түр зам гарган замын хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлж байна. Мөн Элсэн тасархай-Хархорин чиглэлийн авто замын 333-оос 337 дэх км-т зорчих хэсэг дээр үерийн ус давж замын хөвөө, далангын хажуу налуу угаагдаж эвдэрсэн. Хэсгийн  шороо, чулууг цэвэрлэж дууссан. Одоогийн  байдлаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөн саадгүй үргэлжилж байна”  хэмээв.

Холбоотой мэдээ