ДЭМБ коронавирусний халдварын нөхцөл байдал хүндрэх шинжтэй байгааг анхааруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
nandintsetseg@montsame.gov.mn
2020-07-14 12:27:45
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавируст халдварын нөхцөл байдал цаашид улам бүр хүндрэх шинжтэй байгааг ДЭМБ-ын ерөнхий захирал улс орнуудад анхааруулжээ. Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа тус яамны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр онлов.


ДЭМБ-аас ээлжит хэвлэлийн хурлынхаа үеэр халдварыг хязгаарлах чиглэлээр улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг онцолсон байна.


ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа, “АНУ-д коронавирусний халдвар эрчтэй тархан 40 муж улсад халдварын тоо өсөж байна. Иймд Калифорни мужид зоогийн газар, кино театр, худалдааны төв, үсчин зэрэг үйлчилгээний байгууллагуудыг хаах шийдвэр гаргасан. АНУ-д хичээлийн шинэ жил 8 дугаар сард эхэлдэг. Иймд Лос-Анджелес болон Сан-Диего хотын сургуулиудын захиргаа намрын улирлад хичээлийг цахим хэлбэрээр эхлүүлж, нөхцөл байдал дээрдсэн цагт танхимын сургалтыг явуулах шийдвэр гаргасан байна. Харин  Нью-Йорк мужийн хувьд 8 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар өдөрт бүртгэгдэх халдварын түвшин таваас доош байвал хичээлийг эхлүүлнэ. Цаашид халдварын түвшин есөн хувиас давах тохиолдолд сургуулийн үйл ажиллагааг зогсооно гэдгээ мэдэгдсэн” хэмээлээ.


Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 216 улс орон, бүс нутагт бүртгэгдэж, 13 сая 214 мянган хүн халдварлаж, 574 мянган хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн 180 мянга гаруй хүн халдвар авч, 3 мянга гаруй хүн нас баржээ.


С. Туул

Холбоотой мэдээ