УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах асуудлыг хэлэлцэн батлав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-12 21:05:01

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан цаг сунган хуралдаж, Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ч.Улаан энэ үеэр, “Манай улс ардчилсан 6 удаагийн сонгууль явуулсан. Таван удаагийн сонгуульд Сүхбаатар аймаг 2 мандаттай байсан. Сүүлд явуулсан 2012 оны холимог системд ч мөн УИХ-д 2 төлөөлөлтэй байсан. СЕХ тус аймгийг хоёр мандаттай байх санал дэвшүүлсэн. Гэтэл АН-ын бүлэг, тэр дундаа нэр бүхий 4 гишүүн нэг мандаттай байх асуудлыг оруулж ирсэн байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Гарцгүй асуудал гэж байдаггүй л гэдэг. Гэтэл гарц олж харахгүй байна. Говьсүмбэрийг Дорноговь аймагтай нэгтгээд 2 мандаттай байдаг. Энэ бол яалтгүй хуваарилалт. Гэтэл Хэнтий аймаг 3 мандаттай байхад Сүхбаатар аймаг яагаад нэг мандаттай байдаг юм. Бүх тойрогт тодорхой хэмжээний хэлбэлзэл байх ч энэхүү хуваарилалт арай дэндүү байна. Иймээс Үндсэн хуультай зөрчилдөж байна хэмээн үзэж байна. Одоо түр завсарлаад Төрийн байгуулалтын байнгын хороогоор асуудлыг дахин хэлэлцэх нь зүйтэй” гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, “Түрүүчийн сонгуулийн тойргийн хэлбэлзэл 10 дахин зөрүүтэй байсныг 2,8 дахин зөрүүтэй болгосон” гэсэн тайлбар хийлээ.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн тойрог хуваарилсан зарчмыг эргэж харах саналтай байгаагаа хэлсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр, “Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг түүхэндээ анх удаа сонгууль ойртсон үед ярьж байна. Энэ бол АН-ын захиалсан ажил биш. Харин МАН-ын захиалсан ажил. Урьд нь та нар сонгуулийн тойргийг өөрсдийн эрх ашигт нийцүүлж хуваарилаад ялалт байгуулж байсан. Одоо бид Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн саналыг хэлэлцэж байна. Олонхоороо асуудлыг хэлэлцэн батлах гэж байна. МАН-ынхан Н.Алтанхуягийг огцруулаагүй бол өнөөдөр баруун 5 аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдсон байх байлаа. Өнөөдөр бүх асуудал хуулийн дагуу явж байгаа” гэв.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, “СЕХ хуулийн хүрээнд асуудлыг оруулж ирсэн. Түүнээс би тойрог зурсан юм биш. Хэнтий аймаг үеийн үед МАН-ын төлөө саналаа өгч байсан. АН-аас гарсан ганц гишүүн нь би. Би Хэнтий аймагт очиж ялалт байгуулна гэж байгаа юм биш. Намайг сонгоно уу байна уу тэр бол Хэнтийчүүдийн асуудал. Би очиж өрсөлдөнө. Та нар шиг гуйж очихгүй. Байх ёстой эрхийг нь би Хэнтийчүүдэд авч өгсөн юм” гэлээ.

УИХ-ын гишүүн М.Энхболд, “Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулж ирсэн СЕХ-ны саналыг орвонгоор нь эргүүлсэнд харамсаж байна. АН надад тойргийн хуваарилалтаар тодорхой тулгалт хийсэн. Үүнийг нь би хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Гэтэл МАН зөвшилцөхгүй гэлээ хэмээн ярьж байна. Өнөөдөр Хэнтий аймгийн тойргийн асуудал анхаарал татаж байна. Би нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгоё гэсэн боловч та нар дэмжсэнгүй" гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, “УИХ-ын сонгуульд ялагдах гээд матрын нулимс унагаад байгаа юм биш. Бид сонгуулийг шударгаар явуулья гэж байгаа хэрэг. Тойрог тогтоох асуудал дээр АН булхайцаж байгаад бухимдаж байна. Шударга өрсөлдөхөөс АН айж байна. Ховд аймгийн тойрогт хуваарилалтын саналаа бид хүргүүлсэн. СЕХ жижиг өөрчлөлт хийсэн ч АН-ын бүлгийнхэн дахин өөрчиллөө” гэсэн байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, “2012 оны сонгуулийн дараа МАН яавал ирэх сонгуульд ялах вэ гэсэн бодлого бодсон. Энэ бодлогодоо Үндсэн хуулийн цэцийг татан оролцуулж, жижиг 76 тойргоор сонгууль явуулахаар болсон. Өнөөдөр хотын тойргийг ярьж байна уу, үгүй л байхгүй юу. Хөдөөд очиж миний нутаг, миний ээж аавын нутаг гэх гэж хөдөө рүү мандат нэмсэн. Сайхан үг хэлж байгаач би яаж сонгогдох вэ гэсэн зорилго агуулж байна” хэмээн хэлсэн.

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “Хэн хаана дэвших вэ гэдэг дээр гишүүд маргалдаж байна. 76 тойрог сонгож авсан нь хэрүүлийн шалтгаан болж байна. Энэ бол анхны хэрүүл ч биш, эцсийнх ч биш. Өнөөдөр иргэд амьжиргаагаа л бодож байгаа. Тиймээс сонголтоо хэдийнэ хийсэн. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бизнес нь хөдөлдөггүй, дундаж түвшний айл өрх ч нэмэгддэггүй. Энэ дээр ямар нэг зохиогч хэрэггүй. Асуудалд үеийн үед эрх барьж буй нөхдүүд хариуцлага хүлээх ёстой” хэмээв.

УИХ-ын гишүүн Н.Энхболд УИХ үүнээс цааш том чадамж гаргах чадваргүй боллоо гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Хүрэлбаатар Увс аймгийн тойргийг хуваахдаа 600 км-ын зайтай хоёр сумыг нэг тойрог болгосон байна гэсэн шүүмжлэл хэлж байв. 

УИХ-ын гишүүн З.Гончигдорж, "Сонгууль хугацаандаа явдаг байх ёстой. Сонгууль хугацаандаа явахгүй бол ардчиллын үнэт зарчим алдагдана. УИХ-ын гишүүн бол нийт ард түмний элч бөгөөд нийтлэг эрх ашгийг хамгаална. Гэтэл гишүүд тойргийн эрх ашгийг хамгаалах гээд байна" гэхэд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, "Энэ удаагийн сонгууль авлигын сонгууль болно. Ард түмний амьдрал дордсон үед мөнгөний сонгууль хийхээр бодож төлөвлөсөн хувилбар сонгосон байна" гэлээ. 

Үүгээр гишүүд асуулт асууж, үг хэлж дууссан тул санал хураалт явуулахад 61.9 хувийн саналаар тогтоолыг дэмжив. Цаг сунгаж хуралдсан чуулган 21:05 минутад өндөрлөсөн бөгөөд хуулийн хугацаандаа Сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай асуудлыг УИХ баталлаа.

Б.Туул

Холбоотой мэдээ