УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-12 18:41:33

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 18 цаг 20 минутын орчимд эхэллээ.

Хуралдаанаар сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай СЕХ-ны саналыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд 5 минутад багтаан асуулт асууж, үгээ хэлж байна.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, "Говь-Алтай аймаг Өмнөговийн дараа орох том газар нутагтай, 18 сум, 90 гаруй засаг захиргааны нэгжтэй, өнгөрсөн 4 жилийн хугацаанд хүн амьдрах тохь тухтай орчин бүрдүүлээгүй. Захын энэ аймагт нэг мандат нэмээд өгчих хэрэгтэй. Хэнтий аймаг дээр 3 мандаттай хуваариласан байна. Ер нь баруун таван аймгийг өнгөрөгч 4 жилд хоттой хар замаар холбоогүй, хөрөнгө оруулалт хийгдээгүй шүү" гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Хаянхирваа, "Өнөөдөр АН-ынхан сонгуулийн тойргоо хүссэнээрээ хувааж авлаа. Ер нь тойрог хувааж байгаа зарчим чинь иргэдэд таалагдахгүй байгаа шүү. Тойрог хуваарилсан зураг, хүн амын тоогоо хар. Монголын ард түмэн ухаантай болсон. Хэнээр өөрийгөө төлөөлүүлэх вэ гэдгээ гадарлаж байгаа. Сонгууль болдгоороо болно. Тойргоо ингэж хуваалаа гээд ялалт байгууллаа гэсэн үг биш шүү" гэхэд УИХ-ын дарга З.Энхболд, "Энэ хуваарилалтыг АН оруулж ирээгүй. Сонгуулийн Ерөнхий хороо оруулж ирсэн саналыг хэлэлцэж байна" гэсэн тайлбарыг хийв.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Б.Туул

Холбоотой мэдээ