Чатбокс үйлчилгээнд 258 хүүхэд хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-07-08 12:31:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран Чатбокс үйлчилгээг 6 дугаар сарын 02-30-нд нийт 258 хүүхэд ашиглаж, нийгэм, сэтгэл зүйн болон хүүхэд хамгааллын үйлчилгээ авсан байна.


“COVID-19” цар тахлын үед хүүхэд, өсвөр үеийнхэнд нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үзүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийн илрүүлэлтийг нэмэгдүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах зорилгоор Чатбокс үйлчилгээг нээсэн юм.


Үйлчилгээ авсан хүүхдүүдээс “Шийдвэрлэхэд хүндрэлтэй ямар асуудал тулгамддаг вэ?” гэсэн асуулт асуухад, харилцаа, найз нөхөд, аав ээждээ хэлж чаддагүй асуудлаа ярилцах, түргэн ааш зангаа засах гэжээ. Мөн хүүхдээ хөтөвчинд суулгаж сургах, мэргэжил сонголт, өөртөө итгэлгүй байдал, ээжтэйгээ харилцах харилцаа, жин хасах, хайр дурлал, хүүхэд хүмүүжлийн асуудлаар, өөртэйгээ байнга зөрчилддөг, цахим дарамт гэх асуудлууд байгаагаа хэлсэн байна.


Ташрамд дуулгахад, Чатбокс үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн сонгон шалгаруулалтын явцад нийт 5 байгууллагын 20 сэтгэл зүйч материал ирүүлснээс  “Монгол өрх” сэтгэл зүйн хүрээлэн, “Хэрэглээний сэтгэл судлал”-ын хүрээлэн, “Хос багана” сэтгэл зүйн төвүүдийн 8 сэтгэл зүйчийг сонгон Чатбоксоор дамжуулан сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх ур чадвар олгох 3 өдрийн сургалтад хамруулж, сэтгэл зүйч тус бүртэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байна.

Холбоотой мэдээ