Засгийн газрын бүтцийг 14 яамтай байхаар баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-07-07 09:45:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын анхдугаар чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. 


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-д өргөн барьжээ. Хуулийн төслийг хэлэлцэхийг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжиж, Төрийн байгуулалтын байнгын хороо анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн. Ингэхдээ, гишүүдээс төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ.


Чуулганы нэгдсэн хуралдаанаар, хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн Байнгын хорооны саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшөөрсөн юм. Ингээд өнөөдрийн хэлэлцэх асуудал дууссан тул чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө. 


Төсөлд, Монгол Улсын Засгийн газар 14 яамтай ажиллах бөгөөд үүнээс 6 нь ерөнхий, 8 нь чиглэлийнх байхаар тусгажээ. Тодруулбал, Засгийн газар нь:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам

-Батлан хамгаалах яам

-Гадаад харилцааны яам

-Сангийн яам

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;

-Барилга, хот байгуулалтын яам

-Боловсрол, шинжлэх ухааны яам

-Зам, тээврийн хөгжлийн яам

-Соёлын яам

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

-Эрчим хүчний яам

-Эрүүл мэндийн яам гэсэн бүтэцтэй байхаар төслийг боловсруулжээ.


Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга, яамдын асуудал эрхэлсэн сайд зэрэг 17 гишүүн ажиллуулах юм. Ингэхдээ, соёлын болон шинжлэх ухаан, боловсролын салбарт төрөөс баримтлах бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх, соёлын үнэт зүйлийг сэргээх тогтолцоог бүрдүүлэх, шинжлэх ухаан, инновацын төсөл хөтөлбөрийг оновчтой зохион байгуулахын тулд БСШУСЯ-ыг Боловсрол, Шинжлэх Ухааны болон Соёлын яам болгон хуваажээ. Харин нийтийн биеийн тамирыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, түүгээр хичээллэх явдыг дэмжиж хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг үндэслэн спортын чиг үүргийн бодлого зохицуулалтыг Ерөнхий сайдын харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын хороонд хариуцуулахаар төсөлд тусгасан байна. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг дагаж гарах хуульд, Засгийн газрын тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллахаар тусгажээ.


Сайд нарын эрхлэх хүрээнд Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудлыг тусгажээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар ноднин агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар багасгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн бол ирэх онд 80 хувь хүртэл багасгахаар төлөвлөжээ.


САЙД НАРЫН ЭРХЛЭХ ХҮРЭЭНИЙ АСУУДАЛ


МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД:

  • Төрийн өмчийн бодлого
  • Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого
  • Тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал
  • Төрийн тусгай хамгаалалтын асуудал
  • Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого
  • Мэргэжлийн спортын хөгжлийн асуудал

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД:

  • Гамшгаас хамгаалах асуудал
  • Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал
  • Стандартчилал, хэмжил зүйн асуудал
  • Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн асуудал
  • Шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал
  • Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;
  • Тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал
  • Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр барах, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА:

  • Улсын хөгжлийн цогц бодлого
  • Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал
  • Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого
  • Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл
  • Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал
  • Засгийн газрын шийдвэрийн биелэлт
  • Засгийн газрын дотоод мэдээлэл
  • Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал
  • Төрийн албаны хүний нөөцийн асуудал
  • Орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого
  • Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага
  • Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал
  • Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа
  • Агаарын бохирдлын эсрэг уйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД:

  • Ногоон хөгжлийн бодлого
  • Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон бодлого
  • Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого
  • Цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал
  • Усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал
  • Байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх экологийн аюулгүй байдлыг хангах асуудал
  • Биоаюулгүй байдлын бодлогын асуудал
  • Аялал жуулчлалын бодлого
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД:

  • Улсын батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого
  • Зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого
  • Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД:

  • Гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа
  • Гадаад эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа
  • Гадаад худалдааны бодлого
  • Гадаадад байгаа Монгол Улсын иргэн. бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал
  • Гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт
  • Гадаад улс,олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа
  • Дипломат, албан зэргийн виз, консулын асуудал
  • Гадаад сурталчилгаа
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

САНГИЙН САЙД:

  • Макро эдийн засгийн бодлого, төлөвлөлт, зохицуулалт
  • Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал
  • Санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал
  • Нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт
  • Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа
  • Улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт
  • Зээл, тусламжийн нэгдсэн бодлого
  • Нягтлан бодох бүртгэлийн бодлого
  • Гаалийн бодлого
  • Татварын бодлого
  • Даатгалын бодлого
  • Хилийн боомтын хөгжлийн асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг уйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД:

  • Эрх зүйн шинэтгэлийн бодлого
  • Хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа
  • Эрх зүйн туслалцаа
  • Улсын хил хамгаалах асуудал
  • Цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа
  • Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал
  • Төрөөс сүм хийдтэй харилцах асуудал
  • Иргэний харьяалал, цагаачлалын асуудал
  • Энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал
  • Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт
  • Иргэн, хуулийн этгээд эд хөрөнгийн эрхийн бүртгэл
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн бүртгэл
  • Оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал
  • Архивын талаар төрөөс баримтлах бодлого
  • Агаарын бохирдлын эсрэг уйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

ХӨДӨЛМӨР НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД:

  • Хүн амын хөгжлийн бодлого төлөвлөлтийн асуудал
  • Нийгмийн халамжийн бодлого
  • Нийгмийн даатгалын бодлого
  • Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал
  • Жендерийн хөгжлийн асуудал
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал
  • Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах. ядуурлыг бууруулах бодлого
  • Хөдөлмөрийн нөхцөл, ажиллагсдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал
  • Хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал
  • Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт
  • Хөдөлмөрийн биржийн асуудал
  • Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал
  • Гадаадад ажиллах хүч гаргах асуудал
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД:

  • Боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал
  • Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал
  • Өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал
  • Ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД:

  • Авто замын асуудал
  • Авто тээврийн асуудал
  • Төмөр замын тээврийн асуудал
  • Иргэний нисэхийн асуудал
  • Далай ашиглах болон усан замын тээврийн асуудал
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

СОЁЛЫН САЙД:

  • Соёл, урлагийг хөгжүүлэх асуудал
  • Түүх, соёлын өвийг  хамгаалах, сэргээх бодлого
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД:

  • Геологи, эрдэс баялгийн бодлого
  • Геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт
  • Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого
  • Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах асуудал
  • Олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал
  • Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал
  • Эрдэс баялаг болон хүнд үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал
  • Аж үйлдвэрийн паркийн асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД:

  • Хүн амын хүнсний хангамжийн бодлого
  • Хүнсний аюулгүй байдлын асуудал
  • Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого
  • Газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого
  • Мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого
  • Мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал
  • Бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал
  • Мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эд болон хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт, импортын асуудал
  • Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;^
  • Малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого
  • Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал
  • Дотоод худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД:

  • Эрчим хүчний нэгдсэн бодлого
  • Эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал
  • Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал
  • Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого
  • Түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт
  • Эрчим хүч хэмнэлтийн бодлого
  • Эрчим хүчний нүүрсний асуудал
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД:

  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого
  • Эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого
  • Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД:

  • Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого
  • Хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого архитектурын асуудал
  • Орон сууцны бодлого
  • Нийтийн аж ахуйн асуудал
  • Газрын харилцаа, геодоиз, зураг зүйн асуудал
  • Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг нэмэгдүүлэх асуудал
  • Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал
Холбоотой мэдээ