Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлэг жилд 120 мянган хүүхэд, эмэгтэйчүүдэд үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-06 15:20:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд эх, хүүхдийн төрөлжсөн тусламж үйлчилгээ үзүүлэх 300 ортой  Нийслэлийн эх, хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа.  

2010 оноос хойш зогссон тус эмнэлгийн барилгыг 2018 оны тавдугаар сараас дахин эхлүүлж, өнөөдөр үүдээ нээж байна. Тус эмнэлэг эх барих, эмэгтэйчүүдийн 160, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий долоон хэсэг, найман давхар юм. Уг эмнэлэгт 681 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж, жилдээ 10-12 мянга гаруй эх амаржих, 5000-6000 хүүхэд хэвтэн эмчлүүлэх, 120 мянга гаруй хүүхэд, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.

Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, “Бид 30 гаруй жилийн дараа эх, нялхсын хоёр дахь том эмнэлгээ хүлээж авлаа. Нийт 39 тэрбум төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн барилгыг тоног төхөөрөмжийн хамт шийдлээ. Нийт 34 200 ам дөрвөлжин метр талбайтай, дэлгэмэл байдлаар ашиглавал 1 000-1 500 өрөө гаргаж ашиглах боломжтой барилгыг хүлээн авч байгаадаа баяртай байна” хэмээв.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Хоёр жилийн өмнө эрүүл мэндийн салбарт 20 гаруй гацсан барилга, 2-3 гадны төсөл хөтөлбөр байсан. Одоо манай эрүүл мэндийн салбарт царцсан барилга, гацсан төсөл хөтөлбөр байхгүй боллоо. Энэхүү эмнэлэг ганц эхийг амаржуулж, нялхсыг эмчлээд зогсохгүй, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд цогц эмчилгээ үзүүлнэ. Мөн эрт үеийн илрүүлэг шинжилгээ, үргүйдэл, цэвэршилтийг оношлон эмчлэх боломжтой.

 

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Нэг сая 500 мянган иргэнтэй хотын эх, хүүхдүүд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах нөхцөл боломж бүрдэж байна. Энэхүү эмнэлэг ашиглалтад орсноор ЭХЭМҮТ-ийн ачаалал буурч байгаа юм. Одоо тулгарч буй чухал асуудал бол боловсон хүчин. Бид эмнэлэгийн ажилтан, сувилагчийг бэлтгэх ажлыг АШУҮИС-тай хамтран зохион байгуулж эхэлсэн. Энэхүү ажлыг ЭМЯ, НЭМГ анхааралдаа авч, цааш үргэлжлүүлнэ.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: Засгийн газраас эх хүүхдийн эрүүл мэндийн чанар хүртээмжийг дээшлүүлэх асуудлаар зоримог шийдвэр гаргаж, ЭМЯ, НЗДТГ хамтран ажилласан. Нийслэлийн “Хүрээ” амаржих газар 100 ор хүрэхгүй эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байсан.  Харин энэхүү эмнэлэгтэй болсноор “Хүрээ” амаржих газар шинэ барилгадаа шилжин орж байгаа юм.  Бид холбогдох байгууллагатай хамтран тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэн, иргэддээ хурдан үйлчлэх талд анхаарна.

 

Тус эмнэлгийн барилгын бүтэц зохион байгуулалтын талаар НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар танилцууллаа. Тэрбээр, “Уг эмнэлэгт төрөх, эмэгтэйчүүдийн хагалгааг хийх боломжоор бүрэн хангагдсан бөгөөд долдугаар давхарт 9 хагалгааны өрөөтэй. Мөн нэг өрөөнд хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлэх бөгөөд  ариун цэврийн өрөөтэй. Эмнэлэг цагт 10 м.куб хүчилтөрөгч үйлдвэрлэх бие даасан үйлдвэртэй. Нийт 300 орны 180 нь хүчилтөрөгчийн шугамд холбогдсон тул өрөө бүр дотроосоо хүчилтөрөгч авах боломжтой. Нэг цэгээс эмнэлэг даяар хүчилтөрөгч тараах тул баллон зөөх шаардлагагүй” хэмээв.

 

Түүнчлэн тус эмнэлгийн дотоод агаар сэлгэлтийг агаарын шүүлтүүр, халаагч, хөргөгч зэрэг өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжөөр хийх юм. Мэс заслын нэгдсэн тасаг агаар сэлгэлтийн вакум системтэй бөгөөд онлайнаар мэс ажилбар удирдах тоног төхөөрөмжөөр хангажээ.

Эмнэлгийн барилга 2.4 га эдэлбэр талбай, эко ногоон байгууламж, 350 автомашины зогсоолтой бөгөөд 19 цахилгаан шат зэрэг үйлчлэх юм.

 

И.Даваадорж



 

 

Холбоотой мэдээ