“Хоггүй аялал гоё” аяныг рашаан, сувиллын газруудад үргэлжлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-07-08 12:02:37

Архангай /МОНЦАМЭ/. Дотоодын аялал жуулчлал эхэлж, хотоос хөдөөг зорих хүмүүсийн тоо нэмэгдэж буй энэ үед Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Хоггүй аялал гоё” аяныг саяхан эхлүүлсэн. Энэ аянд Архангай аймгийн БОАЖГ манлайлан нэгдэж, Цэцэрлэг хотын Цагаан давааны постод ажиллаж, 500 гаруй машины жолооч, аялагчдад очсон газар бүрдээ хоггүй аялж, байгаль орчиндоо ээлтэй аялахыг уриаллаа.

Мөн тус газраас Орхон чулуут голын сав газрын захиргаатай хамтран Өгийнуурын эрэгт амарч буй 1000 гаруй иргэнд аяны талаар мэдээлэл хүргэн, аянд нэгдэж давалгаалахыг уриалжээ.

Энэ аянд цаашид ганцхан аймгийн ЗДТГ, БОАЖГ гэлгүй бусад бүх байгууллага идэвхтэй оролцохыг уриаллаа. Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Хорго Тэрхийн цагаан нуурын байгалийн цогцолборт газарт амарч буй амрагчдын дунд нөлөөлийн арга хэмжээг зохион байгуулах юм байна.

Аймгийн БОАЖГ-аас энэхүү “Хоггүй аялал гоё” аяныг дотоодын жуулчдын урсгал татартал явуулах ба амрагчдын хамгийн их зорьж очдог рашаан, сувиллын газруудад үргэлжлүүлж ажиллана гэв.

Холбоотой мэдээ