Монгол Улс ШХАБ-ын гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-07-03 13:28:00

МОСКВА. /TASS/. Хэрэв Монгол Улс Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ бүрэн эрхт гишүүн болох шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгджээ.


“ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болохын ач холбогдлын талаар Монгол Улсад маш идэвхтэй хэлэлцэж байгаа. Уг шийдвэрийг дэмжигчид, эсэргүүцэгчдийн аль аль нь бий. Монгол найз нөхдийнхөө сонголтод нөлөөлөх санаа надад байхгүй, энэ бол тэдний бүрэн эрх. Гэхдээ ийм шийдвэр гаргавал ОХУ дэмжинэ гэдгийг хэлмээр байна. ШХАБ-ын бусад гишүүн орон ч мөн өнөр гэр бүлдээ Монгол Улсыг хүлээж авахдаа баяртай байна гэж би бодож байна” хэмээн тэрбээр хэлсэн байна. Одоогийн байдлаар Монгол Улс нь ШХАБ-ын үйл ажиллагаанд ажиглагчийн статустай оролцож байгаа юм.


ОХУ-ын эрх баригчид ШХАБ-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг энэ намар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар тэрбээр мэдээлжээ. “ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын өмнө бид Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг намар зохион байгуулахыг хүсэж байна. Энэ уулзалтыг нүүр нүүрээ харан зохион байгуулна гэж найдаж байгаа” гэж тэрбээр хэллээ.


Холбоотой мэдээ