А.Чумхаан: Хариуцсан ажилдаа үнэнч шударга, чин сэтгэлээсээ байхыг эрхэмлэж ирсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-07-06 11:35:28

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасагт ахлах байцаагчаар 40 гаруй жил ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад суусан ахмад ажилтан, бэлтгэл дэд хурандаа А.Чумхаан гуайтай цөөн хором ярилцлаа.


-Та өөрийнхөө намтар түүхээс дурсахгүй юу?

-Миний бие 1942 оны 09 дүгээр сарын 23-нд Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын Улаан хад хэмээх газар ард Адрашиний отгон хүү болж мэндэлсэн. 1950-1954 он хүртэл сумынхаа сургуульд 4-р ангиа дүүргэж улмаар Цагаан нуур тосгонд дунд сургуульд суралцаад 1958 онд төгсөж сумандаа нэгдэлд адуучин хийсэн. 1960 оны 9 дүгээр сард цэргийн албыг Улаанбаатар хотод ирж, Их тэнгэрийн 50, 51, 52-р байранд хамгаалалтад 3 жил үүргээ нэр төртэй гүйцэтгэж 1963 оны 08 дугаар сарын 01-нд цэргийн албанаас халагдаж Замын цагдаагийн газарт илгээлтээр ирж ажилд орж байлаа. Замын зохицуулагч жижүүрийн туслахаар ажиллаж байхдаа Дээд шүүхийн харъяа Хууль цаазын сургуульд суралцаад 1972 онд хуульч мэргэжлээр төгссөн. Ингээд Төв аймгийн Лүн суманд баруун чиглэлийн шугам замыг хариуцсан байцаагчаар томилогдон 13 жил ажиллаж байгаад 1985 онд Төв аймгийн Зуунмод хотод автын албанд ахлах байцаагч, албаны даргаар 1992 он хүртэл ажилласан. 1992 оноос Баянчандмань, Эрдэнэ суманд Замын цагдаагийн хэсэг байгуулахад хэсгийн даргаар ажиллаж байгаад 2002 онд өндөр насны тэтгэвэрт гарсан.

-Та цагдаагийн албанд 40 гаруй жил зүтгэжээ. Тэр он жилүүдийн тань хамгийн сэтгэлд үлдсэн цаг хугацаа хэзээ байв?

-Хамт олонтойгоо ажилласан он цаг үеүд бүгд л сайхан байсан. Хамгийн анхны томилолтоо авсан үе. 1981 онд жилд 30 хэрэг бүртгэгдсэн байсан. 3 жилийн хугацаанд 180 гаруй хэрэг бүртгэсэн. Тэр үед машин цөөхөн байсан ч жолооч нар хүмүүжилтэй, дуулгавартай байсан. Улаанбаатараас Лүн сум руу дөнгөж засмал зам тавьж байсан үе болохоор жолооч нар хурд хэтрүүлэх тохиолдол их гардаг байлаа. Машин цөөхөн хэрнээ зам тээврийн осол их гардаг байсан. Одоо бол маш сайхан болсон гэж  бодож явдаг.

-Та хүүхэд насаа хаана өнгөрөөсөн бэ? Цагдаа болоход хэн нөлөөлөв?

-Баян-өлгий аймгийн Ногоон нуур суманд хүүхэд насаа өнгөрөөсөн. Хүүхэд нас хамгийн сайхан цаг үе шүү. Намайг жоохон байхад Ногоон нуур суманд  хэсгийн төлөөлөгч хийдэг байсан ахыг хараад л анх цагдаа болох сонирхол төрж байсан. Тэр үеийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Цагдаагийн албыг сонгож 40 гаруй жилийг үджээ.

-Цагдаагийн ар гэр үүрэг ихтэй байдаг байх. Гэр бүлийнхнийхээ тухай хуучлаач?

-1963 онд цэргээс халагдаж ирээд ханьтайгаа танилцаж зургаан хүүхдийн эцэг эх болсон. Тухайн үед сэтгэлийн халуун, насны залуу байхдаа учирч байлаа. Цагдаагийн гэргий байна гэдэг их тэвчээр шаарддаг гэж би хувьдаа боддог. Би цаг наргүй ажиллана. Ар гэр, үр хүүхдээ миний хань хариуцаж явсан. Миний ард тал хамгийн хүчтэй шилдэг түшиг тулгуур минь байсан даа.


-Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад амьдралдаа мөрдөж баримталж ирсэн зарчмынхаа талаар хэлэхгүй юу Та?

-Хариуцсан ажилдаа үнэнч шударга, чин сэтгэлээсээ л байхыг эрхэмлэж ирсэн. Удирдлага, дарга нараас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлээд л, хийх ёстой зүйлээ л чанартай хийх ёстой. 43 жил Цагдаагаас дэд хурандаа хүртэл ажиллахдаа ард түмнээ хүндэлж ирсэн. Ажилдаа баримталдаг хамгийн чухал зүйл бол хүнийг хэлмэгдүүлж, хилсдүүлж болохгүй. Тиймээс чин сэтгэлээсээ ажилдаа хандаж, ард түмнээ ч хүндэлж байх хэрэгтэй гэж бодож явдаг.

-Таны зүтгэлийг алба тань бишгүй л үнэлсэн байх. Гавьяа шагналаа дурдвал?

-Мэдээж ажил хийж байхад хөдөлмөрийг минь төр чамгүй их үнэлсэн. 1976 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1983 онд Алтан гадас одон, 1986 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Зууны манлай байцаагч болж байлаа. Энэ хугацаанд байгууллагын шагнал олон ч удаа авсан даа.

Энэ бүх шагнал маань мэдээгүй байхад ирсэн болохоор өөрийгөө ингэж үнэлүүлэх ажил хийсэн билүү гэж шагнал авах үедээ  боддог юм билээ. Ер нь бол “Цол нэмэгдэх тусам хариуцлага нэмэгддэг. Хариуцлага гэдэг нь ард иргэдийн өмнө хүлээсэн үүрэг. Мөн ажил хийвэл ам тосдоно гэдэг шиг.  Ажил хийвэл аяндаа шагнал, алдар нэр, албан тушаал зэрэг ирдэг гэж хувьдаа боддог.

-Таны цагдаагийн байгууллагад ажиллаж байх үеийг өнөөдрийнхтэй харьцуулахад ямар санагддаг вэ? Ялгаа мэдээж бий л байх?

-Өнөөгийн дүр төрх гэвэл өдөр шөнө шиг болсон байна. Хүн хүч нэмэгдэж алба нэгж олон болсон байна. Техник хэрэгсэл хүчин чадал маш сайн болсон. Машин техникийн тоо ч өссөн байна. Сайхан болжээ. Ажаад байхад тэр үеийн хувцасны чанар одоогийхтой харьцуулахад маш сайн байсан санагддаг. Угаахад эдэлгээ даана. Одооныхтой зүйрлэх юм байхгүй.

-Таны олон жил ажилласан албаны тань онцлог сайхан нь, бас хүнд хэцүү нь юу байв?

-Манай цагдаагийн алба хүнд үедээ хүнд ч сайхан юм олон бий. Хүнд үе ч байна, сайхан үе ч байна. Гэхдээ би цагдаагийн байгууллагад орж ажилласандаа үнэхээр бахархдаг. Замын цагдаагийн ажил маш сайхан ажил шүү дээ. Нэр хүндтэй ажил. Ажлаа зөв хийвэл олон түмэнд үнэлэгдэнэ, ард түмэн хүрээлнэ. Ялангуяа орон нутагт ажиллаж байгаа цагдаа бол орон нутгийн сум удирдлагууддаа ажлаа танилцуулж байвал ард түмэн аяндаа туслаад дэмжээд явдаг. Замын цагдаа хүний ажлын онцлог.

Миний ажиллаж байх үед манай хамт олон цөөхөн ч байлаа. Тэд маань бүх л үеийг явган нүцгэн биеэрээ л гүйцэтгэдэг байсан. Албандаа, өргөсөн тангарагтаа үнэнч сайн залуус байсан. Өнөөдрийг харахад тэр үетэй зүйрлэхийн аргагүй болсон. Хамт олны хүчээр бүгдийг хийж амжуулна гэдэг бол сайхан.

-Нэгэн үед мөр зэрэгцэн хамтран зүтгэж байсан хамт олныхоо тухай дурсаач?

-Өнгөрсөн хугацаанд олон сайхан ахмад, залуу мэдлэг боловсролтой хашир туршлагатай дарга нараар удирдуулж явсандаа баярладаг юм. НАХХ-ийн дарга, хурандаа Дорж, Намсрайжав, Лувсандорж, Жигжидсүрэн, Цагдаагийн анги, хэлтэс, газрын үе үеийн дарга нар Балжинням, хурандаа Баасанхүү, Мөнхдалай, Энхбат, Гонгор, Борхүү, Болдбаатар, Бямбасүх, Д.Дорж, Х.Энхжаргал, Б.Ганзориг нарт баярлаж явдаг бөгөөд тэр үеийг одоо санахад бахархмаар.

Замын цагдаагийн тасгийн даргаар ажиллаж байхад намайг багшаа гэж хүндэлж байнга аливаа ээдрээтэй зүйлүүдийг асууж зөвлөмж авч байсан дэд хурандаа Ц.Ганбаатар, Батхүү, Далхсүрэн, Ж.Үүрийнцолмон, хөдөө орон нутагт ажиллаж байхад гар, сэтгэл нийлж хамтран зүтгэж явсан хэсгийн төлөөлөгч, бригадын генерал М.Ганхүү, Гармаа, Алтанхуяг, Батхуяг, Отгонбаатар, Цог, Лувсангомбо, мөн Баянчандмань, Эрдэнэ суманд миний баруун гар болж өдөр, шөнийг ялгахгүй хэргийн газрын ул мөрийг найдвартай хамгаалж байдаг байсан зохицуулагч Бямбахорол, Хатанбаатар, Октябрь, Доржсүрэн, Батболд, Батсүх нартай үргэлж баярлаж, чин сэтгэлээсээ дурсаж явдаг шүү.



-Цагдаагийн байгууллагын залуус хойч үедээ захих сургамжийн үгийг тань сонсмоор байна?

-Залуучууддаа хандаж хэлэхэд ажилдаа сэтгэл гаргаж ажиллах ёстой. Цагдаа хүн төр түмнийхээ төлөө тангараг өргөдөг. Иймээс төр түмнийхээ төлөө өргөсөн тангарагтаа хичээж, хариуцлагатай, сахилга баттай, соёлтой, тууштай ажиллах хэрэгтэй. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч, албанаас хариуцсан үүрэг даалгавраа сайн гүйцэтгэдэг, ард түмэнтэйгээ зөв боловсон харьцаж хүндлэх, дарга удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлдэг ийм л арга барилаар ажиллаж албаныхаа нэр хүндийг өндөрт өргөж яваарай гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

 

Холбоотой мэдээ