Ойрын хавьтал 46 иргэнд шинжилгээ хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-02 21:14:26

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахал өвчний хоёр тохиолдол гарсан. Үүнтэй холбогдуулан ЗӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяраар ахлуулсан мэргэжлийн баг Ховд аймагт ажиллаж буй.

Тус мэргэжлийн баг зөөврийн PCR аппарат ашиглан нэг болон хоёрдугаар зэргийн хавьтагч хүмүүст шаардлагатай шинжилгээг газар дээр нь хийж байна.

Одоогийн байдлаар тарваган тахлаар өвчилсөн хоёр иргэний биеийн байдал хүндэвтэр, эмчилгээ үйлчилгээ хэвийн үргэлжилж байна.

Ховд аймаг дахь БОЭТ-д хэвтэн эмчлүүлж буй өвчтөн Г...-ийн нэгдүгээр хавьтал 98 иргэн байгаа. Үүнээс одоогийн байдлаар тархвар судалгааны дүнд үндэслэн 17 иргэнд PCR аппаратаар шинжилгээ хийжээ.

Мөн Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй өвчтөн У...-ийн нэгдүгээр хавьтал 49 иргэн бий. Одоогийн байдлаар түүний нэгдүгээр хавьтал 29 иргэнээс дээж сорьц авч, шинжилгээ хийсэн.  Улмаар шинжилгээнд хамрагдсан нийт иргэний хариу сөрөг гарсан бөгөөд нян судлалын шинжилгээ үргэлжлэн хийж байна гэж ЗӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяр мэдээллээ.

Ийнхүү тарваган тахлаар өвчилсөн хоёр иргэний ойрын хавьтал нийт 46 иргэнд PCR аппаратаар шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан. Одоогоор нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчаар бүртгэгдсэн иргэдийн биеийн байдал хэвийн, зовиур, шинж тэмдэг илрээгүй байна.

Цаашид хавьтагчдаас шинжилгээний дээж сорьц авах, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх, хяналтад байлгах зэрэг ажил холбогдох журмын дагуу үргэлжлэх юм.  

 

Холбоотой мэдээ