Японд коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-06-30 15:54:46

ТОКИО. /NHK/. Японы эмийн үйлдвэрлэлийн “AnGes Inc” компани мягмар гарагт Осакагийн их сургуулийн эмнэлэгт шинэ коронавирусний вакцины эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ.


Эхний шатны судалгаанд эмнэлгийн ажилтнуудаас бүрдсэн 20-30 сайн дурынхан хамрагдах төлөвтэй байна. Эмч нар шаардлагатай тунг тодорхойлохын тулд тэдний заримд нь вакциныг хангалттай их хэмжээгээр хийхээр төлөвлөжээ. Вакцин үр дүнтэй, гаж нөлөөгүй болох нь тогтоогдвол эмнэлэгт эмчлүүлж буй өвчтөнүүдээс сайн дураараа оролцох 400 хүртэл хүнийг намар гэхэд туршилтад хамруулахаар төлөвлөж байгаа аж.


“AnGes Inc” компани вакциныхаа эмнэлзүйн туршилтыг 2021 оны долдугаар сарын 31-ний дотор дуусгахаар төлөвлөж байна. Тус компанийн мэргэжилтнүүд нуклеиний хүчлийн дараалалд тулгуурлан ДНХ-вакцин гарган авсан бөгөөд хархууд дээр хийсэн туршилт нь амжилттай болж, мэрэгчдэд эсрэг биет үүссэн тухай тавдугаар сарын сүүлчээр мэдэгджээ.


Одоогийн байдлаар дэлхийн улс орнуудад коронавирусний дор хаяж 10 вакцин туршиж байна. 

Холбоотой мэдээ