Монгол Улсын хамгийн олон хүн амтай Мандал сум

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-06-30 15:27:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын сумдаас хамгийн том, хамгийн олон хүн амтай нь Сэлэнгэ аймгийн Мандал сум юм. Энэхүү сумын талаар сонирхолтой мэдээллийг хүргэе.

Тус сум нь хуучнаар Баатарвангийн хошуунд байжээ. 1931 онд төрийн дээд байгууллагын шийдвэрээр Төв аймгийн харьяалалд Мандал сумыг байгуулж, 1938 онд Сэлэнгэ аймгийн харьяалалд оруулсан байна. Сэлэнгэ аймгийн зүүн урд хэсэгт, Хэнтийн нурууны баруун, Хэнтийн салбар уулс Ерөө, Хараагийн сав газруудад хамаарах ба хойд талаараа Ерөө сум, Зүүн урд талаараа Төв аймгийн Эрдэнэ, Зүүн талаараа Батсүмбэр сумтай тус тус хил залган оршдог аж. Мандал сум Хан Хэнтийн нурууны салбар уул болох далайн түвшнээс 1000- 2228.0 метр өргөгдсөн ой хээрийн бүсэд багтдаг байна. Тус сум нь Тахилт, Урт, Тарвагат, Ноён, Хараа, Түнхэлийн хөх нуруу, Ширээ хошуу, Чивээ, Улааншавар, Матах, Мөнгөлөг, Хараагийн зэрэг 16 нуруугаар хүрээлэгдсэн 150 гаруй уултай. Мөн Хараа, Ерөө, Чулуут, Түнхэлгэсэн гэсэн томоохон 120 гол, горхитой, 136 булаг шанд, өрөмдөл худаг 36, уурхайн худаг 780 байдаг. Түүнчлэн түүх соёлын дурсгалт 160 гаруй булш хиргэсүүртэй сум юм. Эртний Хүннүгийн булш бунхныг хадгалан ирсэн Ноён уул энэ суманд бий.

Мандал сум Улаанбаатар болон төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, авто замаар холбогдсон, дэд бүтэц сайн хөгжсөн сум юм. Тус суманд Төмөр замчдын, Ширхэнцэг, Баянсуудал, Хэрх /тосгон/, Түнхэл тосгон, Баянхангайн, Минжийн хангайн, Тарни, Баян-Арцат гэсэн 9 баг бий. Энд нийт 7322 өрхөд 25689 хүн амьдарч байна. Монгол Улсын хэмжээнд аймгийн төвөөс алслагдсан сумаас хүн амын тоогоороо 1-рт ордог бөгөөд нэг хавтгай дөрвөлжин км-т 5.3 хүн ногддог ажээ.

 

Холбоотой мэдээ