УИХ-ын анхдугаар чуулган эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрэлдсэн парламентын анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хамгийн ахмад гишүүн анхдугаар чуулганыг удирдах ёстой. Энэ удаагийн парламентын хамгийн ахмад нь Х.Баделхан гишүүн бөгөөд тэрбээр 66 настай юм.
УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 3 нам, 4 эвслээс 485 хүн, бие даан 121 иргэн нэр дэвшсэн. Улмаар энэ сарын 24-нд болсон санал хураалтаар МАН хамгийн олонх болж 62, АН 11 суудал авсан. Мөн “Та бидний эвсэл”-ээс УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, “Зөв хүн электорат эвсэл”-ээс Т.Доржханд, бие даан нэр дэвшигчдээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар сонгогдсон юм. Улмаар УИХ-ын гишүүний үнэмлэхээ энэ сарын 29-нд СЕХ-ноос гардсан бөгөөд өнөөдөр тангараг өргөснөөр УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоолыг батлах юм. Чуулганыг нээж Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж байна.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйл буюу анхдугаар чуулганы дэг:
22.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.
22.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.
22.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.
22.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина. Илтгэлтэй холбогдуулан гишүүн асуулт асууж, хариулт авч болно.
22.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьж, асуулт, хариулт явуулсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.
22.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.
22.7.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.
Гэрэл зургийг Т.Чимгээ